Цалин хасч, татвар нэмсэн тодотгол

Энэ оны төсвийн тодотголын төсөл парламентаар хэлэлцэгдэж байна. Дахин дахин тодотгож байгаа төсвийг эрхэм түшээд аймаг, нийслэл, сум бүрээр нь данслан цээжлээгүй юм аа гэхэд улсын төсвийн орлого, зарлагын дүн болоод сонгогдсон тойргийнхоо балансыг нүдлэх байтугай цээжиндээ тээж яваа. Тиймээс ч өнөөдөр зарим хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилтийг царцаасан гэж Ерөнхий сайдын хэлэхтэй зэрэгцээд тойргийхоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөгөөний асуудал сөхдөг. Улсын төсвөөр хийгдэж байгаа барилга объектын дотроос зөвхөн сонгогдсон тойргийнхоо санхүүжилтийг харж, хайж, танасныг нь “ганцхан жишээ дурдъя” гэж онцолж ирээд ярьдаг нь гишүүдийн гэм биш зан. Аль ч парламентын үед жагсаалтаар л сонгогдчихгүй бол гишүүдийн энэ сайхан зан гээгдэхгүй байх. Нөгөөтэйгүүр тухайн тойргоос сонгогдсон төрийн элч болохоор арга ч үгүй биз.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 576,8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 221.2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660.7 тэрбум төгрөгөөр тус тус буусан үзүүлэлт юм. Төсвийн орлого ийнхүү буурахад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн байна. Харин гишүүд төсвийн алдагдлын бурууг гаднаас хайх бус дотооддоо зохицуулах хэрэгтэй гэж Засгийг шүүмжилж байна лээ. Энэ оны нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байгаа. Тиймээс Засгийн газар хуулийн дагуу төсвийг дахин тодотгон парламентаар хэлэлцүүлж байна.
Төсвийн тодотголоор улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг оны сүүлийн 3 сар 30 хувиар хасч хоёр тэрбум төгрөг нэмнэж байгаа бол нефтийн онцгой албан татварыг нэмэгдүүлснээр энэ оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцжээ. Харин төрийн түшээд цалин хасч, ОАТ нэмэгдүүлсэн төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж байв.
Төсвөөсөө гадна Чингис, Самурай бондтой болсон. Бондуудыг гаднаас зээлж босгосон. Тиймээс төсөвт мөнгө дутаагүй. Төсвийн орлого хүрэхгүй байна гээд цалин, тэтгэврийг нэмэхгүй, тэр байтугай хасахад хүрч байгааг гишүүд шүүмжилж байлаа. Өмнөх парламентын үеийн Засгийн газрууд төсвийн мөнгөөр цалин нэмдэг байсан. 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо 30 гаруй мянгаар нэмэгджээ. Тэр үед төрийн албан хаагчдын цалинд 1.2 их наяд төгрөг зарцуулдаг байж. Харин өнөөдөр төрийн албан хаагчдын цалинд 1.8 их наяд буюу тэр үеийнхээс 600 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин өнөөдөр таван төсөвтэй, цалин нэмэгдээгүй хэрнээ зарцуулдаг хөрөнгө нь 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь төрийн алба данхар болсны шинж гэдгийг гишүүд ярьж байлаа.
Нөгөөтэйгүүр төсвийн тодотголтой зэрэгцээд нефтийн албан татварыг нэмэх төсөл орж ирсэн. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч байхад манайд буугаагүй, тэр байтугай ОАТ-ыг нэмэх төсөв оруулж ирж байна. Ерөнхий сайдын нэг ч татвар нэмэхгүй гэж хэлж байсан ам ажил нь зөрлөө. Татвар нэмвэл нефтийн үнэ зах зээлийн ханшаар нэмэгдэх вий гэж шүүмжлэх гишүүд байлаа.
Ирэх оны сонгуулийн дараагаар яамдын бүтцийг цомхотгох төсөл явж байгаа. Өнөөдрийн 15 яамыг 9 болгож, зарим агентлагийг татан буулгаж нэгтгэх бодлогыг гишүүд дэмжиж байна лээ. Харин энэ бүтцээ ирэх сонгуулийн дараагаар бус он гарангуут хэрэгжүүлэх саналыг зарим гишүүн дэвшүүлж байна.
Төсөвт байгууллагууд эдүгээ бүгд өртэй байгаа аж. Нэг аймагт гэхэд 928 сая төгрөг дутсан талаар гишүүд дурдаж байлаа. Тиймээс төсөвт байгууллагууд 13 дахь сарын санхүүжилт хүлээж байгаа сурагтай. Нөгөөтэйгүүр орлогч дарга нарын орон тоог бууруулах, тэр дундаа хотын олон орлогчийн тоог цөөрүүлэхийг гишүүд шаардаж байв.
Жилийнхээ төсвийг худлаа төсөвлөөд, дараа нь жилдээ хэд хэд тодотгож байгаад түшээд мөн л шүүмжлэв. Орон нутгийн сангийн мөнгө хөдөө орон нутагт салхинд хийсэн алга болж байгаад Засгийн газрынханд анхааруулж байлаа. Нөгөөтэйгүүр санхүү, эдийн засаг хүндэрсэн үед концессийн гэрээгээр хичнээн төгрөгийн ажил хийгдэж өр хэдээр нэмэгдэж байгаа нь тодорхойгүй байна гэж бухимдах хэсэг ч байна.
Ирэх өдрүүдэд Засгийн газрын танаж, танаж боловсруулан өргөн барьсан төсвийн тодотгол хэрхэн хэлэлцэгдэж батлагдахыг харах үлдлээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ