Нийслэлийн хойд талын гэр хорооллын цахилгаан хангамж сайжирлаа

УБЦТС ТӨХК-аас гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах ажлыг хийжээ. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25, Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 15, 17, 19, 20 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг 35 кВ-ын Баянхошуу, Дашчойнхор дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, иж бүрэн шинэчлэл хийсэн байна.
35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын хүчин чадлыг 2*10 МВА болгож, 2.4 км-ийн урттай хоёр хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам татах, хуваарилах байгууламжийн тоноглолыг шинэчлэх, 35/10 кВ-ын Дашчойнхор дэд станцын хүчин чадлыг 2*6.3 МВА, ил хуваарилах байгууламжийг хаалттай болгох, тоноглолыг шинэчлэх ажлын барилга угсралтын ажлыг Да хот, Илч хангай ХХК-иуд гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Баянхошуу дэд станц ийн шинэчилснээр 29.5 хувьтай хэвийн ачааллаж, шинээр 7000 орчим айл өрхийг нэмж холбох боломжтой 11.9 мВА-ын нөөц үүсч байна. Өмнө нь холбогдсон 7714 айл өрх, 187 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж сайжирсны зэрэгцээ 2300 орчим айл өрх нь цахилгаан халаагуур ашиглах эх үүсвэрийн нөхцөл бүрдлээ.
Харин Дашчойнхор дэд станц шинэчлэгдсэнээр өвлийн их ачааллын хэмжилтээр 103 хувь хүртэл ачааллагдаж, хэрэглэгчдийн хэрэглээнд хязгаарлалт хийх хүртэл арга хэмжээ авдаг байсан бол хэвийн ажиллах юм байна. Шинээр хэрэглэгчдийг нэмж холбох 10.1 мВА-ын нөөц үүсч байгаа тул 5900 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох боломж бий болсны дээр өмнө нь холбогдсон 3014 айл өрх, 49 аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж найдвартай боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ