Оюутнуудын хэргийн материалыг дэлгэжээ

Өнгөрсөн оны есдүгээр сард сураггүй алга болсон Мексикийн 43 оюутантай холбоотой материалыг тус улсын Ерөнхий прокурорын газраас дэлгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус байгууллагын тэргүүн Арели Гомек Гонзалес өчигдөр 17.00 цагт Мехико хотноо байрлах төв оффистоо сэтгүүлчдийн хүлээн авч уулзах үеэрээ 300 хуудас бүхий материалыг танилцуулжээ.
Эдгээр материалыг хагас жилийн турш 100 гаруй мөрдөн байцаагч цуглуулсан хэмээн Гонзалес мэдэгдсэн байна. Тэрбээр “Байцаагчдын цуглуусан материалууд дунд хэд хэдэн зөрчилтэй материал байгааг тогтоосон. Энэ бүхнээс шалтаалан хэргийн эзэн олдохгүй байгаа юм. Хогийн цэг дээр шатаасан гэгдээд буй оюутнуудыг цогцос физиологийн хувьд танигдахын аргагүй болсон. Хэргийн газар ажиллаж буй цагдаагийнхан сэтгүүлчид болон оюутнуудын талаарх мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Хэргийн шалган мөрдөх ажлыг нээлттэй болгох ёстой” гэж хэлжээ.
Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбоотой 15 хүнийг баривчилсан юм. Тэд оюутнуудыг алаад, дараа нь шатамхай бодис цацаж, шатаасан болохоо мэдүүлгийнхээ үеэр дурьдсан билээ. Гэхдээ энэхүү мэдээллийг оюутнуудын гэр бүл нь үгүйсгэсээр байгаа юм.
Оюутнууд сураггүй алга болсны дараа Мексикийн олон хотууд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид Ерөнхийлөгч Энрика Пена Ньетог огцрохыг шаардаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ