Ш.Түвдэндорж нэрээ татжээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөн гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж гишүүнийг нэрээ татсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхэд Д.Ганбат гишүүнээс гадна Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлсэн.
Ш.Түвдэндорж гишүүн Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гаригт хуралдаад бүлгийнхээ шийдвэрээс зөрж, Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцон бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн.
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсанаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн, томилох боломжтой болж буй юм.
Мөн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.
Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хууль тогтоомжийн эмхэтгэлийн цахим хувийг гаргах асуудлыг хуульчлах. Байнгын хороод, УИХ-ын гишүүдээс чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар болон хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гаргасан хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, шаардлагатай гэж үзсэн асуудлаар захиалгаар салбарын мэргэшсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачаар судалгаа хийлгүүлэх. Хэлэлцүүлгийн шатанд гарч буй зарим тодорхойгүй зохицуулалт тодорхой болох юм.
Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр АН-ын бүлэг авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хаацайлаагүй гэсэн тайлбарыг бүлгийн дарга өглөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ