Зардлаа нэмээд орлогоо хиймлээр өсгөж болохгүй

img

УИХ дахь МАН-ын бүлийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Төсвийн орлого, зарлагыг хангалттай хэмжээнд тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй  энэ үед төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төлөвлөсөн байна. Мөн зарлагыг бууруулахад илүү анхаарах хэрэгтэй байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн татвар нэмэхгүй байх, цалин хасахгүй байх, тэтгэврийг боломжтой хэмжээгээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гарсан.

 

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Бакей нарын гишүүд өргөн барьсан. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ дарга хязгаарлах, хуулийн төслийг хүлээж авахгүй байх, чуулганаар хэлэлцүүлэхгүй байх зохицуулалт оруулахаар тусгасан байна. Энэ бол буруу. УИХ-ын гишүүн хууль санаачилсан бол нам эвсэл, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцдэг байх одоогийн зарчим зөв. Бусдаар бол УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж, гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийддэг байж болохгүй гэж үзсэн.

 

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Тиймээс энэ чуулганы бүрэн эрхийг дуустал Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Харин дараагийн УИХ энэ асуудлаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй.

 

Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 01-нээс 9 яамтай ажиллахаар төсөвт тусгасан байна. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-2015 оны төсвийн тодотголоор 25.7 тэрбум төгрөгийг хасахаар оруулж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа тул бид төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт маш хатуу бодлого баримтлах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Тухайлбал, төсвийн орлогыг 504.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зардлаа 530.3 тэрбум төгрөгөөр хасахаар тодотголд тусгасан байна. Орлогын өөрчлөлтын гол заалт нь аж ахуйн нэгжүүдээс авах татварын өрөөс 325 тэрбум, шатахууны татвараас 61.3 тэрбум төгрөгийн орлого авна гэж тооцсон.

 

Тиймээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх 325.4 тэрбум төгрөгийг биелэх боломжгүй гэж үзэж байна. МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Төсвийн тодотголж оруулах саналуудаа дахин тооцож гаргаж ирнэ гэж үзэж байгаа.

 

Төсвийн тодотголын ДНБ эзлэх алдагдлын хэмжээг таван хувиар тооцоод байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа. 2015 оны төсвийг батлахдаа төсвийн тусгай шаардлагуудад тавигддаг хуулийг Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаад хүчингүй болгуулсан. Ингээд гурав, дөрвөн төсөвтэй яваад байснаа нэгтгээд нэг төсөвтэй болгоод төсвийн алдагдлыг таван хувь байхыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр оны эцэст эдийн засгаа эрүүлжүүлж, төсвийн алдааг засч, сайжруулъя гэж байгаа бол төсвийн алдагдлыг хоёр, гурав руу оруулах гарцыг судлаж үзэх нь зүйтгэй гэж үзсэн. Төсвийн тодотголоо нөхцөл байдалтайгаа уялдуулан хийж чадвал 2016 оны төсвийг илүү сайжруулах боломж байна. Харин 2016 оны төсвийг хэтэрхий өөдрөгөөр  төсөвлөж байна. Хасагдаж орж ирж байгаа зүйлүүдийг хараад Сангийн яамыг төсөв дээрээ сайн ажиллаж, үр ашиггүй зардлаа бууруулахад тодорхой алхамуудыг хийж байна гэж ойлгосон. Харамсалтай нь тоо чанар хоёрын ялгаа их байна. Төсвийн зардлыг 446 тэрбум төгрөгөөр бууруулаар тооцож оруулж ирсэн байна. Гэтэл нэмэгдүүлэх зардал нь 697 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байгаа юм. Хассан зардал дээрээ нэмээд 300 орчим тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн төслөө оруулж ирсэн. Тэгэхээр энэ төсөв эрүүл болж чадаагүй байна. 2016 оны төсвийн төсөл дээр зээлийн үйлчилгээний төлбөрт 900 орчим тэрбум төгрөг гэж тусгасан. Энэ нь 1000 цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр ирэх жилийн төсөв ийм их ачааллыг даахгүй. Нийт урсгал зардлын 12.7 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрт явах төсвийн төслийг оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ төсвийн төслийн хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой юм байна гэсэн байр суурин дээр МАН хүрсэн. Нэгэнт хяналтын горимонд шилжиж байгаа бол төсвийг төвлөрүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөн гэдэг шалтгаанаар бүх аймагт орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, нийслэл, томоохон төсөвтэй газруудыг бие даасан эрх мэдэлтэй болгосон. Тиймээс эдгээр үр ашиггүй зүйл зарцуулагдаад байгаа төсвийг Сангийн яамн дээрээ төвлөрүүлж, юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэсэн дээр МАН-ын бүлэг зарчмын санал гаргана.

 

Урсгал зардлыг бууруулах ямар боломж байгааг судалж үзнэ. Бүх яамд аймаг, төсвийн байгууллагуудын урсгал зардал дээр анализ хийж үзье. Урсгал зардлыг их хэмжээгээр таналаа гэж төсвийн тодотголд оруулж ирж байгаа ч гэсэн хасаж танаж болох ямар зардлууд байна, тэвчиж болох ямар зардлууд байна гэдгийг судалж үзнэ.

 

Дотоод, гадаадын бонд, Чингис, Самурай бонд, Хятадын зээл, Үнэ тогтворжуулах зээлэнд үндсэндээ нэг их наяд төгрөг төлж байна. Цаашдаа 2016,2017 онд ямар болох вэ, зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх тусам, төсвийн чадамж ямар байх вэ. Үүнтэй уялдуулаад ямар орлогыг олж чадах бололцоо байна вэ.  Төсөвт ирэх өрийн ачаалал дээр дүгнэлт хийж, УИХ дээр тайлагнана. Мөн эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй санхүүгийн дампуурлаас эхлэлтэй. Санхүүгийн сахилга бат алдагдсанаас эхэлсэн. Хөрөнгө санхүүг үр ашигтай зүйлд зардаггүй байдлаас эхэлсэн. Тийм учраас эдийн засагт бодит үнэлэлт дүгнэлт өгөөд танилцуулах талаар бүлэг дээр ярилцсан гэлээ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-“Оюутолгой”-н гэрээний асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

 

-“Оюутолгой”-н асуудлаар МАН-ын бүлэгт Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Оюутолгой компани Өмнөговийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй.

 

-Ирэх оны төсвийн төсөлд танай бүлэг ямар байр суурьтай байна вэ? Агентлагуудыг татан буулгах, яамдыг цомхотгохыг дэмжиж байгаа юу?

 

-Ирэх онд бүтцийн өөрчлөлт хийнэ гэсэн тооцоо судалгаагаа бидэнд ирүүлээгүй. Агентлагуудыг цомхотгож байгаа асуудлыг бүлэг дээр ярьсан. Жишээлэхэд ҮСХ, ИБМУТ-ийг нэгтгээд Засгийн газар дэргэдээ авна гэж байгаа. Энэ нь буруу. Аль ч улс оронд Статистикийн газар нь Засгийн газрын харъяаны бус байгууллага. Өөрөөр хэлбэл статистикийн тоо судалгаа нь ямар нэг дарамт шахалтгүйгээр олон нийтэд мэдээлж байх ёстой.  Бараа ажил үйлчилгээ худалдан авах агентлагийг татан буулгаад яамдад байршуулах гэнэ. Энэ бол хамгийн боломжгүй алхам юм. Бараа ажил үйлчилгээ худалдан авах ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй явуулахаар зохицуулсан. Харин одоо яам тус бүртээ тендэр шалгаруулах гэж байна. Энэ нь зарчмын хувьд буруу.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-2015 онд төсвийн тодотголоор 6.1 их наядын орлого, ирэх онд 6.9 их наяд төгрөгийн орлого олно гэж  тооцсон. Ирэх жилүүдэд эдийн засгийн хүндрэл улам хэцүү болно. Энэ үед орлогыг 800 тэрбум төгрөгөөр тооцож байгаа нь бодитой биш тоо юм. Үүнтэй холбогдуулж зарлагыг нэмэгдүүлж байгаа нь бас буруу. Ирэх жилүүдэд 7.8-7.9 их наядын зарлага гаргахаар оруулж ирсэн байна. Хямралтай үед зарлагыг бууруулж, хямгадахаас бус нэмэгдүүлж байгаа нь буруу. Уг нь зарлагыг бууруулна гэсэн. Бодит байдал дээр 500 орчим тэрбум төгрөгөөр зардал нэмэгдэхээр төсөл өргөн баригджээ.

 

-Төсвийн орлого нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

 

-Орлогыг бодитой төлөвлөх хэрэгтэй. Сонгуульд зориулсан зардлаа санхүүжүүлэхийн тулд орлогыг хийсвэрээр тооцож байгаа нь буруу. Бид аль болох бүсээ чангалж, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дотоодын хувийн хэвшлийг, баялаг бүтээгчдээ дэмжвэл нэмүү өртөг нэмэгдэнэ. Гэтэл татвар төлөгч, баялаг бүтээгчдээ дэмжихгүй хорьж цагдаж байна. Энэ хэрээр эдийн засаг агшиж байгаа. Эдийн  засаг агшихын хэрээр үрэлгэн зардлаа багасгах ёстой байтал зардлаа 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, энэ хэрээр орлогоо хиймлээр өсгөж болохгүй.

 

-Ерөнхий сайдад өгсөн шаардлагын хариу ирсэн үү?

 

-Өнгөрсөн пүрэв гаригт шаардлага өгсөн, тодорхой хугацаатай. Хүлээж байна.

 

-Өршөөлийн хууль танай бүлэг яагаад  завсарлага авсан бэ?

 

-Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны төвшинд процедурын алдаа гарсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихдаа зүйл заалт бүрээр тавьсан. Энэнийх нь дагуу хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ зүйл заалт бүрээр хураасан.

 

Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байнгын хороогоор хэлэлцэж, санал хураахдаа нийт 11 зүйл заалтаар санал хураасан боловч түүнийгээ чуулган руу оруулахдаа Өршөөлийн хуулийг баталъя гэдэг нэгхэн санал хураалтаар явуулна гэдэг асуудал яригдсан. Энэ нь алдаа болсон гэдгээ Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрсөн. Үүнийг өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч байнгын хорооны даргын томилгооны асуудлаас болж, байнгын хороо хуралдаж чадаагүй, завсарлага авсан. Байнгын хорооны даргаа хурдан шийдээд Өршөөлийн хуульд оруулах өөрчлөлтийг зүйл заалтаараа батлаад явах. Өөрөөр хэлбэл, уг хууль зүйл заалтаар батлагдах юм бол хэн ямар санал өгч байгаа нь ил тод харагдана.

 

Ерөнхийд нь батлах юм бол хэн авлига албан тушаалын гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэхийг дэмжиж байна, дэмжихгүй байна вэ гэдэг тодорхой биш болно.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ олон жил чухам юуг яаж хийх,хэлэлцэх талаар бүрэн аргачлал,чадамжтай болчихоор л боллоо?Гэтэл хийчээл заах гэж, суралцах-хэрүүл үүсгэх эх сурвалж болгосоор төр өөрийн гэсэн чадамжтай боовсон хүчин-чадамжит залуусгүй боллоо?Энэнд УТ-ийн нахмынханы чадамжгүй, босого давахгүй хомойн бодлого болсоор таарлаа??МАн-хан үнэндээ ямарнэг төр аваад явах, түмэн олноо хошуучлан явах чадамжгүй харин шинэ чадамжтай залуусыг боомилоод хуурай хардлага-албан тушаалд уриалаад тулга тойрсон хэрүүл л хийх мэрэгшилд сургаад бна?Хүний алдаан дээр дөрөөлж үг болгохоос өөдтэй зүйл алга??Та нар төр-түмэн олныг өрөнд оруулж ,өтөнд бариулчихаад хүнд дохоод байгааг ухаарахгүй олон-түмэн бна гэж бодоод байгаа юм биш биз дээ? Хөгийн МАН-хан дэгээндээ өөрсдөө унах цаг ирнээ??
2015-10-13
Bat:
Chi duugai bai muu har hulgaich
2015-10-13
Зочин:
Танана зардлаа багасгана гэчхээл шал эсрэгээр ихэсгэж баталдаг жил бур ийм юм хийдэг уунийг жил бурийн тэсэв хэлэлцсэн байдлыг харуулсан телевизийн бичдэгээс харж болно ийм тэнэг хумуус улс орныг удирдаж байна
2015-10-12
Зочин:
Өөрийнхөө өгсөн ярилцлагад өөрөө соммент бичээд Хөгжилтэй юм аа
2015-10-12
зочин:
овоо юм сурсан ажил хийж зовлонг нь мэдэрдэг гэсэн дээ зөв хариулт өгч байна шүү. АН 2012 оноос хойш нэмсэн орон тоо байгууллагаа л тана. хурдан зайл төрөөс Ан-ынхан. бүр дур гутчихлаа. яах гэж та нарыг дэмжиж сонгов оо.
2015-10-12
Зочин:
Өөрийнхөө өгсөн ярилцлагад өөрөө соммент бичээд Хөгжилтэй юм аа