Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 21 аймагт салбар хороодоо байгуулж байгаа билээ. Энэ удаад тус нам Булган аймагт салбар хороогоо байгууллаа. Салбар хороо байгуулах анхдугаар хуралд Булганчууд идэвхитэй оролцож тэргүүлэгч гишүүн болон даргаа сонголоо. Булган аймгийн ХҮН-ын салбар хорооны даргаар Н.Батбаатар сонгогдов.
Хуралд оролцогчдод хандан ХҮН намын дарга С.Боргил хэлэхдээ:“ХҮН намынхан бид хэнээс ч хамааралгүй амьдралаа аваад явах чадалтай хүмүүс. Гэвч бид амиа нөөн хойш суулгүй, цаг заваа, сэтгэл зүрхээ зориулан эх оронд өөрчлөлт авчрахын төлөө ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Эс бөгөөс эх орон маань мөнгө хийдэг сэтгэлгүй хүмүүсийн хогийн цэг боллоо. Нүүдлийн шувууд шиг зундаа ирж амьдраад өвөлдөө утааны үеэр эхнэр хүүхдээ гадагшаа явуулж, тэгж гарж байгаагаараа бахархдаг боллоо. 13-р зуунд төв азийн цээжинд бид суу алдраа бадруулж явсан бол өнөөдөр бид нар нийгмийн инженерчлэлийн гунигт амьд жишээ болоход ойрхон байна. Бид үнэн утгаараа хөдлөх цаг болсон. 25 жилийн өмнө хөдөлсөн тэр хөдөлгөөн эх орончдийн хөдөлгөөн байсан гэхэд би эргэлздэг. Бид өмнөх нийгмийн утга учрийг мэднэ, өнөөгийн нийгмийг утга учрийг ч харж байна. Бид хангалттай боловсорсон сонгох эрхийн үнэ цэнийг мэдсэн, ардчилалыг ойлгосон. Мөн бид ангит нийгмийн ялгааг ч харлаа. Улс оронд юу болж байгааг бид бэлхнээ харж байгаа. 2016 оноос гадаад бондын төлбөрүүд энэ улсыг бүр сөхрүүлж дэлхийн эдийн засгийн орчинд төлбөрийн чадваргүй гэж дурсагдах бас нэг жишээ нэмэгдэнэ. Өөрчлөлтийн эцсийг үр дүнг бид үзэх хэрэгтэй.
Булганчууд анхдагчдын өлгий нутаг. Цогт хун тайж, Хатанбаатар Магсаржав, анхны сансарын нисгэгч, анхны хөдөлмөрийн баатар бүгд энэ нутгаас төрсөн. Тиймээс та бүхнийг өөрчлөлтийг авчрахад анхдагч хүчин байж чадна гэдэгт итгэж байна” гэв.