“Шилэн” Цогоогийн гомдол аудитын байгууллагад шилжжээ
Иргэн Б.Цогтгэрэлийн шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа байгууллагуудыг шалгаж өгөхийг АТГ-аас хүссэн юм. Түүний хүсэлтийг АТГ хянаж үзээд, Үндэсний Аудитын газарт шилжүүлжээ.
АТГ Б.Цогтгэрэлийн дурдагдсан долоон байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцаад, Шилэн дансны тухай хуулийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт шилжүүлсэн байна. Ингэхдээ Шилэн дансны тухай хуулийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадаас хүсчээ.
Мөн Шилэн дансны тухай хуулийн дагуу холбогдох мэдээллээ ил болгохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэнд, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Улаанбаатар төмөр зам”, “Монголросцветмет” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагын удирдлагуудад албан бичгээр мэдэгдэж, АТГ-т хариу ирүүлэхийг хүсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ