Цалин, тэтгэмж нэмэхэд гишүүд анхаарч байна

Өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж 2015 оны Төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан мэдээлэл хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:
-Өнөөдөр 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх оны төсвийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх нөхцөл бүрдэж байна. УИХ дахь нам, эвслийн бүлгүүд төсөвтэй холбогдуулж ажлын хэсэг гаргаж ажилласан. Засгийн газрын зүгээс хямралын нөхцөлд ажиллах бодлогод нийцсэн зардлын томоохон өөрчлөлттэй төслийн төслийг оруулж ирсэн. Байнгын хороогоор дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдээд ажлынхаа зохион байгуулалтыг хийлээ. УИХ дээр төсвийн бодлогыг тодорхойлох үр, дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Энэ ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Байнгын хороо бүр ажлын хэсэг байгуулж төсвийг хэлэлцүүлэхээр санал, дүгнэлт гаргахаар шийдсэн. Тус хурлаар УИХ-ын гишүүд төсөв өөрөө тодорхой эзэнтэй, хариуцлага тооцох хүнтэй байхад анхаараач гэсэн саналыг их гаргасан. Тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх ёстой. Мөн хөрөнгө оруулалт, Засгийн газрын өр, зээлийн үйлчилгээний зардал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, шатахууны үнэтэй холбоотой асуудлуудад гишүүд ихэвчлэн анхаарал хандууллаа хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- Өрийн үйлчилгээний зардал улсын төсөвт хэр их хэмжээний ачаалал үүсгэхээр байгаа. Жилдээ хэдий хэр хэмжээний зээл төлж байна вэ.
- Засгийн газын өргөн мэдүүлснээр 930 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээ хийхээр байгаа юм. Гишүүдийн хувьд 930 тэрбумыг өндөр гэж байгаа юм. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд ярилцаж, цэгцэлнэ.
- Яам, агентлагийг нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа. Үүнээс хэдэн төгрөгийн хэмнэлт хийнэ гэж тооцоолж байгаа вэ?
- Бүтцийн өөрчлөлт хийсний ашиг 2016 онд мэдрэгдэхгүй. Учир нь бүтцийн өөрчлөлтийг дагасан тодорхой зардал гарна. Засгийн газрын танилцуулснаар 2017 онд л 2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч бодитойгоор мэдрэгдэнэ гэсэн. Хэлэлцүүлгийн шатанд илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ