Ваннын өрөөнөөс өглөө эхэлдэг үү

img

 

Бидний ариун цэврийн өрөө гэж нэрлэдэг ваннын өрөөнөөс хүн бүрийн өглөө эхэлдэг. Иймд цэвэрхэн, тохилог, сэтгэлд дулаахан ариун цэврийн өрөөнөөсөө та усанд орчихсон, шүд амаа цэвэрлэсэн, үс толгойгоо угааж арчлаад сэргэчихсэн гарч ирэх нь хичнээн таатай. Ваннын өрөөг зөвхөн угаалтуур, шүршүүр, суултуур төдийхнөөр сэтгэж хайхрамжгүй хандвал жижиг ч бай, том ч ваннын өрөө байсан нэг л гундуухан орхигдсон газар болж үлдэнэ. Харин сэтгэл гаргаад тохижуулчихвал таны ариусаад гарч ирэх гэрийн тань хүндтэй нэгэн өрөө, тасалгаа байх болно.  

 

Өнгө

Ванны өрөөний өнгө будгийн зохицол хамгийн чухал. Жижигхэн ариун цэврийн өрөөнд гэрэл гэгээтэй өнгө хэрэгтэй гэдгийг хүн бүхэн мэддэг ч цагаанаар будаад эсвэл цайвар өнгийн хэдэн плита наагаад л болох гэж үү. Цагаан өнгө зөвхөн суурь нь болж өгвөл уг нь зүгээр. Түүн дээр өнгө дагуу зөөлөн шаргал, ягаан, цайвар цэнхэр, зөөлөн ногоон өнгө зэргийг сонгож чимэглэл хийж өгвөл илүү амьд, гоёмсог болно. Нэг талынхаа ханыг гэрэлтэй саарал өнгөөр янзалсан бол ваннын нөгөө талыг нь мозайкаар чимэглэж болох жишээтэй, олон шийдлүүд байгаа. Харин плитан хүрээ хийхдээ хурц, тод өнгө сонгох гэхчлэн дизайны маш баялаг сонголт, шийдлүүдийг хэрэглэх нь таны мэдрэмж, үзэмжээс шалтгаална.

 

Гэрэл

Ер нь ваннын өрөөнд тод гэрэл зүгээр. Нэг өнгийн гэрэлнээс гадна өрөөний бусад элемент, гоёмсог деталь хэсгүүдийг илэрхийлэх нэмэлт гэрэл чухал нөлөөтэй. Гэрлүүд бол ариун цэврийн өрөөнд хамгийн хэрэгтэй зүйл учраас мэргэжилтний зөвлөгөөний дагуу ямар гэрэл, хаана байрлуулвал дээр вэ гэдгийг мэдсэн байх шаардлагатай. Мэдээж ус, чийгний  хамгаалалттай, хүчин чадал багатай гэрэл хэрэгтэй ч үзэгдэх орчны байдлыг бууруулахгүй сайн гэрлийг сонгож авах нь чухал.

 

Толь

Угаалтуурын дээр эсвэл хажуу дэргэд нь байрлуулах хананы тольноос гадна хөдөлгөөнт жижиг толь ваннд байх нь зүйтэй. Гадуур ч элбэг худалдаалдаг болсон. Сунаж агшдаг бариул бүхий  томруулдаг, энгийн гэсэн өөрчлөлтүүдтэй хөдөлгөөнт толийг гол төлөв эрчүүд их хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Сахлаа хусах, үснийхээ ар талын засалтыг харж самнах, хажуу шанаагаа тольдох гэхчлэн ийм толины хэрэгцээ их.  Мөн ваннын өрөөний нэг талын ханыг тэр чигт нь толь ашиглан тохижуулдаг дизайнеруудын санаа өргөн дэлгэрсэн байдаг. Энэ арга нь жижиг ваннын өрөөг том болгож харагдуулахад нэлээд нөлөөтэй. Ингэхдээ ихэвчлэн толийг мозайк хэлбэрээр зүсч, тааруулж бэлтгээд хэрэглэдэг.   

 

Шал

Яаж ч бодсон ваннын өрөөний шалыг плитагаар өнгөлсөн байх ёстой гэсэн ойлголт түгээмэл. Ингэхээс ч өөр аргагүй. Ус чийгэнд тэсвэртэй байх үүднээс тэр биз. Гэхдээ дан нэг өнгөөр, жишээ нь нөгөө л цайвар өнгөөр өнгөлсөн шалтай ваннын өрөөтэй та зөндөө л таарч байсан байх. Харин орчин цагт гоёмсог олон өнгийн плитаг зүйж, урлаж, хээ хуар мэт харагдуулан ваннын өрөөний шалыг хийдэг болсон аж. Ямар ч дэвсгэр, шалавч дэвсэх шаардлагагүй маш чамин плитан шалтай ваннын өрөө олон болжээ. Айлуудын өөрсдийнх нь сонголт л мэдэх хэрэг гэмээр. Түүнчлэн заавал плита гэхгүй модон, паркетен шалыг ч ариун цэврийн өрөөндөө та сонгож болох аж.     

 

Хөшиг болон бусад

 

Өнгө, гэрлээс гадна танай ваннын өрөөг чимэглэх олон зүйл бий. Зөвхөн ваннын хөшиг, дэвсгэр, зөөлөвч, ханын шүүгээ, тавиур, өлгүүр, элдэв тогтоогч зэргээс гадна шүү дээ. Та тарьсан цэцгээ донжийг нь олоод ванндаа өлгөж болно. Байгалийн сэдэвтэй, ургамал, усны амьтдын зургийг ч жаазлан өлгөхөд гэмгүй. Дуртай ном, сэтгүүл, сониныг ч тавиуртай нь байрлуулах газар ваннд чинь байж л байгаа. Анхилуун үнэрт лаа, бусад үнэр дарагч болон таатай үнэр гаргагч савтай шингэн, цэцэг зэргийг зайг нь олоод ванндаа заавал байрлуулаарай. Ванндаа тохсон, өлгөсөн алчуурууд, бусад аксессуарууд тань өнгө үзэмжтэй, хээ хуар сайтай байх тусмаа сайхан харагдана. Мөн угаалгын машинаа хэрэглээгүй үедээ гоёмсог хөнгөн бүтээлгээр бүтээхээ мартуузай. Хаалганыхаа бариулыг ч зөөлөн материалаар эвтэйхэн бүрж тогтоовол  чамин харагдана. Хамгийн сүүлд нь хаалган дээрээ урмын үгс бичээд тавьчихвал ч...

 

 

Эх сурвалж: Home сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ