Жижигхэн зайтай өрөөнд ямар ханын цаас тохирох вэ

img

Багавтар, жижиг зай талбайтай өрөөнд ямархуу ханын цаас тохирох бол? Хэрхэн сонголтоо хийх вэ? Энэ талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

 

 

Ихэвчлэн ийм өрөөнд элдэв зураг, хээгүй, цулгуй ханын цаас тохиромжтой. Энэ нь өрөөний саруулхан уужим байдлыг нэмэгдүүлэхэд тустай гэдэг.  Гэхдээ заавал үүнийг дүрэм журам адил дагах нь юу л бол. Ялангуяа дизайн, интерьерийн онцгой шийдлүүдийг эрхэмлэх болсон өнөө цагт бүр ч төвөгтэй байх. Хичнээн жижигхэн өрөөнд амьдардаг ч гэлээ түүнийгээ өнгөтэй өөдтэй байлгах, өөрсдөө ч тавтай сайхан амьдрахыг хүсдэггүй хүн үгүй. Чухам үүнд л мэргэжлийн хүний зөвлөгөө, санаа, шийдэл чухал юм. 

 

Үнэн хэрэгтээ хамгийн жижиг өрөөнд ч өөрийн гэсэн эрх чөлөө оршсоор байдгийг мартаж болохгүй. Иймд тэнд хамгийн сонгомол өнгө, хээ, хүрээ, чимэглэлийг чөлөөтэй хэрэглэж болно гэсэн үг. Жижиг өрөөнд хэрэгтэй ханын цаасны нэлээд түгээмэл өнгөнд: гэрэлтэй шаргал, цайвар шар, элсэрхэг өнгөнүүд орно. Мөн цайвар ягаан, тоорын өнгө, саарал, цэнхэр саарал, ногоон сааралдуу, гэрэлтэй цэнхэр, ногоондуу хөх өнгөнүүд ч чухалд тооцогдоно. Хэрвээ тухайн жижиг өрөө бүдэг харанхуй бол дулаахан өнгөтэй ханын цаас сонгоорой. Харин наран талдаа, үргэлж гэрэл их ордог өрөөнд бага зэрэг хүйтэн гэгдэх өнгө сонгоход гэмгүй. Ханын цаасыг хэрхэн сонгосноос шалтгаалж өрөөний тавилга, хивс, бусад эд хэрэгслийг зохицуулах шаардлага гардаг.

 

Ханын цаас өөрийн гэсэн чимэглэлтэй байх ёстой. Үндсэн тулгуур өнгөний талаар бид дээр өгүүлсэн. Гэхдээ дан цулгуй ханын цаас уйтгартай харагдаж болох тул жижиг өрөөнд зохицсон, эвтэйхэн зураг, дүрстэй байвал зүгээр. Мөн бага зэргийн саатай ханын цаас ч өрөөг үзэмжтэй харагдуулж чадна. Өрөөгөө хэтэрхий эрээн мяраан болох вий гэж та эмээлгүйгээр зоригтойхон өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Нэг ханандаа дан цулгуй ханын цаас ашигласан бол нөгөөд нь яагаад тод хээтэй, өнгөлөг ханын цаас нааж болохгүй гэж. Хэрэв өрөөнд тань жаазтай зургууд болон уран зураг нэлээд өлгөгдөхөөр төлөвлөгдсөн бол цулгуй ханатай байсан нь дээр. Ер нь эздийнх нь л сонголт мэдэх хэрэг.    

 

 

-Цэцгэн хээтэй ханын цаас авахаар шийдсэн бол аль болох жижиг дүрс, чимэглэлтэйг нь сонгоорой

 

-Бүдэгхэн өнгийн, хоорондоо ойрхон зайтай босоо судалтай ханын цаас нь тааз намхантай өрөөг өндөр болгож харагдуулдаг

 

-Байгалийн зураг бүхий өнгөлөг ханын цаас өрөөний зайг нэмж илүү цэлгэр харагдуулдаг онцлогтой

 

-Өрөөг бүхэлд нь бус телевизор, ор, шүүгээ, шкаф зэрэг тавилга байрладаг ханандаа хээ хуартай цаас наагаарай, бусад хэсэгт нь түүнтэй ойролцоо өнгийн цаас сонговол аятайхан харагдана

 

-Үзэмжтэй зураг бүхий ханын цаасыг жаазлан ашиглах, зүсч хэлбэр оруулан наах гэхчлэн олон сонирхолтой шийдэл байдаг

 

-Гэрийнхээ нэг талын ханыг нэлээд тренд болсон тод өнгөөр будаж, тэндээ чамин тансаг бэлэг дурсгалын зүйлс зэргийг байрлуулж болно. Ер нь сүүлийн үед ханын цаас гэхээсээ илүүтэй үнэргүй, түргэн хатдаг, эко будгийг жижиг өрөөний интерьерт зохицуулан хэрэглэх болсныг дашрамд дуулгая.    

 

 

Эх сурвалж: Home сэтгүүл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ