Төсвийн орлогын 50 хувиар өрөө төлнө

img

МАН-ын бүлгийн мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвөөр мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Ирэх оны төсөвт улсын өр түүний эргэн төлөлтийн талаар хэрхэн тусгасан байгаа вэ?

 

2016 оны нэгдсэн төсвөөс үзэхэд Монгол Улс авсан зээлийнхээ зөвхөн хүүд нь 963 тэрбум төгрөгийг төлөхөөр тусгасан байгаа. Үндсэн зээлийн төлбөрт 2 их наяд 400 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхээр нийт 3.4 их наяд төгрөгийг зээлийн хүү, үндсэн төлбөрт төлөх нь. Үүнийг ирэх оны улсын төсвийн орлого болох 6.9 их наяд төгрөгтэй харьцуулбал 50 хувь нь зээлийн хүү болон үндсэн төлбөрт нь явах болж байна. Энэ нь Монгол Улсын төсөв дампуурсаныг харуулж байна.

 

-2016 оны төсвөөс бид юу хүлээх вэ? Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд эерэг хандлага ажиглагдах уу?

 

-Ирэх оны төсвөөс эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх бодлого харагдахгүй байна. 2012 оны сонгуулийн дараа хөрөнгө оруулагчид Монгол Улсыг орхиж гарсан. Жилд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан улсад өнөөдөр 200-300 сая ам.доллар орж ирдэг болсон. Тэгэхээр эдийн засгийн хөдөлгүүр болох хөрөнгө оруулалтад 2016 онд найдах зүйл харагдахгүй байна. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан учраас орлого нэмэгдэхгүй. Эдийн засгийн хоёр дахь том  хөдөлгүүр болох экспортын өсөлт 2016 онд байхгүй.

 

-Гадаад өрөнд багагүй хэмжээний мөнгө явуулах нь. Тэгвэл өрийг яаж бууруулах вэ?

 

-Монгол Улсын өр нэмэгдэж байгаа. Үүнийг зогсоох арга бол төсвийн алдагдлыг ДНБ-нд эзлэх хувь хэмжээгээр нь тэглэх хувилбараар батлахыг МАН-ын бүлгээс шаардаж байгаа. Төсвийг алдагдалтай баталбал өр нэмэгддэгээрээ нэмэгдэнэ.

 

-2016 оны төсвийн төсөлд тусгасан Засгийн газрын бүтцийн талаар ямар байр суурьтай вэ?

 

Засгийн газрын бүтцийг 9 яамтай ажиллуулна гэж 2016 оны сонгуулийн дараа тодрох Ерөнхий сайдын  эрх мэдэлд энэ Засгийн газар халдаж байна. Засгийн газрыг 9 яамтай ажиллуулах саналаа 2016 оны 8 дугаар сарын 1-нээс биш ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлүүлж, төсөвт шаардлагатай зардлын хэмнэлтийг гаргахыг эрх баригчдаас шаардаж байна.

 

-Эдийн засагт онц байдал зарлах хэмжээнд хүрсэн үү. УИХ-ын гишүүдийн дунд том хэмжээний ажлын хэсэг байгуулах тухай асуудал яригдаж байна.

 

-Ажлын хэсэг байгуулж, гаргасан бичиг баримтын тоо бол эх захаа алдсан. Тэгэхээр ярих биш төсөв, мөнгөний бодлогоо цэгцлэх асуудалд Засгийн газар, эрх баригчид шийдвэрээ гаргах ёстой. Мөнгөний бодлогын гол зорилго нь инфляцийг бууруулах. Гэтэл төсөв дээр нефтийн бүтээгдэхүүнээс авах онцгой албан татварыг нэмээд, инфляцийг бууруулна гэхээр төсөв болон мөнгөний бодлого хоорондоо холбогдох нь битгий хэл ойртох ч үгүй байна. Эдийн засгийн асуудлаа шийдэх хүсэл байгаа бол холбоогүй байгаа төсөв, мөнгөний бодлогоо нэгтгэж, онцгой албан татвараа зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ тохиолдолд эдийн засгийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийг өсөлтийг зогсоох боломж бүрдэнэ. Онцгой албан татварыг зөвхөн төсвийн цоорхой нөхөх зорилгоор битгий хараач. Өр зээлэндээ баригдсан ард иргэд, хямарсан аж ахуйн нэгжүүдээ бодож, нефть бүтээгдэхүүнд тавих онцгой албан татвараа бууруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байгаа юм. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Ийм эдийн засаг улс төрийн боловсролтой залуусаар сангийн яам аа удирдуулмаар бна
2015-10-14