Өршөөлийн хуулийн хоригийг хаалттай хэлэлцэх үү

Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хориг улстөрчдийн тарыг таниулж байна.
Хэрэгжих хугацаа нь аль хэдийнэ өнгөрсөн ч өнөөг хүртэл нэг тийш болоогүй энэ хуулийн хэлэлцэх үе шат мөн л асуудал дагуулах нь. МАН-ын бүлэг Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг зүйл заалт бүрээр санал хураах ёстой хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч дахин гурав хоногоор сунгасан. Хуульзүйн байнгын хорооны даргын томилгооны асуудлаарх АН-ын "зодоон"-ы улмаас тус байнгын хороо хуралдаагүй, Өршөөлийн хуулийн хоригийг хэлэлцээгүй. Ингэж сандал ширээний асуудлаас болж хойш тавигдсан хоригийг өнгөрсөн мягмар гаригийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэх ёстой хэмээн үзсэн юм.
Харин одоо хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, батлах үлдээд байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй ч хоригийг оруулж буй бололтой. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр "Өнөөдөр Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Хурлыг Р.Гончигдорж удирдана. Бас тааруулж байна шүү" хэмээн жиргэснээс харвал асуудлыг УИХ-ынхан шийдэхээр болжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай хэлэлцэж ч магадгүй нь.
Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хоригийг хааж хэлэлцэнэ гэв үү? Бор шувуу биз. Хориг нээлттэй, бүгд ил байх учиртай. Сонгодохдоо биеэ нуугаагүй байж саналаа олноос нуугаад яахав" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ