“Тоонот гэр минь Найрамдал”

img

 

Хүүхдийн эзэнт гүрэн болох “Найрамдал”-ынхны уулзалт удахгүй болохоор товлогджээ. Тодруулбал “Crocus event hаll”-ын хамт олон энэ сарын 23-нд “Тоонот гэр минь Найрамдал” дурсамж уулзалт, үдэшлэгийг зохион байгуулах гэж байна. Уг үдэшлэгт 1978 оноос өнөөг хүртэл тус зусланд амарч, багшилж байсан үе үеийн амрагчид болон багш нар эргэн уулзаж, нэгэн үдшийг хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь  ээ. Энэ арга хэмжээг угтан өчигдөр тус төвийн багш нар арга хэмжээ зохион байгууллаа.

 

 

1978 оноос хойш амарч байсан, хүүхэд насны нандин дурсамжаа  сэргээхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй

 

 

Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн дэд захирал, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат:

 

1978 онд хүүхдийн Найрамдал төв үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Тус төв нь шинэ мэдлэг мэдээлэл, арга зүй, дэлхийн чиг хандлага зэрэг эерэг зүйлсийг төлөвшүүлдэг байсан. Өнөөг хүртэл энэ зорилгоо алдаагүй явж буй цөөхөн хэдэн байгууллагын нэг юм. Энэ уулзалтыг 1990-д онд ажиллаж байсан бүлгийн удирдагч багш нар санаачилсан. Өнөөдөр улс орныхоо хөгжил ирээдүйг түүчээлж яваа залуучууд эргэж уулзах нь нэг талаараа хамгийн сайхан дурсамжийг сэргээж, нөгөө талаараа багш шавийн нандин холбоог дахин бий болгох зорилготой. Бага нас, хүүхэд нас, залуу насаа Найрамдалаар овоглуулж байсан он жилүүд бидний амьдарлын хамгийн том утга учир байсан, мөн одоо ч том орон зайг эзэлсэн хэвээр байгаа гэж бодож байна. Та бүхнийг Найрамдал төвийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Бид нэг гэр бүл шиг байдаг

 

 

Бүлгийн удирдагч багш Д.Болдбаатар:

 

Би 1979 оны амрагч хүүхэд. 1980-1989 он хүртэл ажилласан. Тухайн үед бүлгийн удирдагч багш, пеонерийн удирдагч багшаар  ажиллаж байсан. Найрамдалд амарсан хүүхдүүд хоорондоо их холбоотой байдаг. Бидний үед онц сурдаг, тэргүүний хүүхдүүд л амардаг байсан даа. Харин одоо манлайлагч хүүхдүүд маань нийгэмд байр сууриа эзэлчихсэн явж байна. Найрамдалд 21, 30, 40, 45  хоног амарснаараа хүүхдүүд маш их зүйл сурч байсан. Тэр үед бид яг нэг гэр бүлийн хэмжээнд амардаг байсан түүхтэй. Уулзалт маань сайхан болно гэдгийг хэлэхэд таатай байна.

 

Найрамдал төвд багшлана гэдэг нэр төрийн хэрэг

 

 

Бүлгийн удирдагч багш Б.Оюун-эрдэнэ:

 

Би 2008-2012 онд бүлгийн удирдагч багшаар ажиллаж байсан. 2015 оны 10 дугаар сарын 23-нд 1978-2015 он хүртэлх Олон улсын Найрамдал төв ажиллаж байсан багш, хүүхдүүдийн уулзалт болох гэж байна. Хүүхэд байхаасаа л Найрамдал төвийн багш болохыг хүсдэг байлаа. Найрамдалд багшлана гэдэг нэр төрийн хэрэг байсан. Мянга мянган хүүхдийн хайртай багш байна гэдэг үнэхээр сайхан байдаг. 23-ны өдөр бүгдээрээ уулзацгаая.

 

Би үеийн үед Найрамдалд өртэй

 

 

Бүлгийн удирдагч багш, дуучин А Сооl:

 

2004-2010 он хүртэл ажилласан. Оюутан ахуй цаг, залуу насны эрч хүч Найрамдал төвтэй салшгүй холбоотой.  Найрамдал төвөөс миний дуучин болох гараа эхэлсэн. Би найрамдалд үеийн үед өртэй гэж боддог. Миний амьдарлын хамгийн сайхан бүхэн, багш байх үнэ цэнийг Найрамдлаас олж авсан. Найрамдал төв үеийн үед мандан бадрах болтугай. Сrocus-т уулзацгаая

 

Найрамдал зусландаа насан туршийн багш байна

 

Бүлгийн удирдагч багш Ш.Баасан:

 

1996-1998 онд бүлгийн удирдагч багшаар ажиллаж байна. Найрамдал төв үүсгэн байгуулагдсанаас өнөөг хүртэл бүх багш нар амрагч хүүхдүүдтэйгээ уулзана гэдэг үнэхээр сайхан байлаа. Найрамдал төв миний амьдралтай салшгүй холбоотой. Анх амрагч байсан. Дараа нь багш болоод сүүлийн жилүүдэд харшийн сүлд модны наадмын  бүх бүжгийг дэглэж байсан. Найрамдал төвдөө насан туршийн багш нь байна гэж боддог.

Тэд анх 1978-2000 оны хооронд ажиллаж байсан багш нарыг цуглуулж, шавь нартайгаа нэгэн үдшийг өнгөрүүлье хэмээн ярьж байсан боловч ярилцаж тохиролцсоны эцэст бүх үеийн багш, амрагчдын урихаар болжээ.  

 

Хэрэв та Найрамдал зусланд амарч байсан бол, тэр үеийн дотно мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсдэг бол, мөн хамт амарсан найзуудтайгаа уулзахыг хүсдэг бол, Найрамдлын үе үеийн цоглог багш нартайгаа уулзаж,  хуучны гайхалтай өдрүүдээ дурсахыг хүсч байгаа бол “Crocus Event Hаll”-ыг зориорой.

 

Байгуулагдсан цагаасаа мянга мянган хүүхдийг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, аз жаргал, найз нөхдийн гэгээн дурсамжаар бялхуулсан мартагдашгүй үдэш байх болно. Энэ л өдөр сэтгэл догдлуулж, дурсамж сэргээсэн бичлэг, 70,80,90-д оны бүжиг, тоглоом зэрэг гэнэтийн бэлгээр дүүрэн байх болно гэдгийг багш нар тань амлаж байна.

 

Нэмж хэлэхэд, Найрамдал зусланд амарч байсан, 21 нас хүрсэн бүх хүмүүст “Nostalgie party” нээлттэй.

 

Найрамдлаар овоглосон үе үеийнхэн мартагдашгүй үдэш 10 сарын 23-нд

 

М.Болор-Эрдэнэ | Гэрэл зургийг Г.Даша

 

 

 

 

 

 

эх сурвалж: Eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ