Тасарсан толгойг биед нь залгажээ

Австралийн нуруу, нугасны эмч нар ослоор толгойны яс нь эх биенээсээ салах шахсан хүүд амжилттай хагалгаа хийжээ. Энэ талаар Их Британийн “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Австралийн Шинэ Өмнөд Уэлс мужийн хурдны зам дээр өнгөрсөн сарын 27-нд “Стрит рейсер” гэх автомашины уралдааны үеэр их хэмжээний тоос босч, замын хөдөлгөөнд саад учруулсан юм. Үзэгдэх орчин муу байсны улмаас хөдөлгөөнд оролцож байсан автомашин эсрэг урсгалын автомашинтай хүчтэй мөргөлдсөн аж.
Тус машинд 32 настай Рули Тэйлор гэгч 9 болон 16 сартай охин, хүүгийнхээ хамтаар зорчиж явжээ. Ослоор ээж, охин хоёр хөнгөн бэртэл авсан бол 16 сартай Жескон Тэйлорын нуруу, нугас нь хүндээр гэмтсэн байжээ. Эмчийн үзлэгээр хүүгийн толгойны яс нь бараг биенээсээ салсан байсан гэнэ. Австралийн хэвлэлүүд ослын дараа Тэйлорыг “Толгойгүй хүү” хэмээн бичих болжээ.
Олон нийт эмч нараас хүүгийн амийг аврахыг хүсч, хандив хүртэл цуглуулж эхэлсэн байна. Долоо хоногийн хугацаанд хүүгийн өвчний түүхийг судалсан Австралийн номер нэг нуруу нугасны эмч гэгддэг Жеофф Аскин хүүд хагалгаа хийхийг зөвшөөрсөн ч их найдах хэрэггүйг гэр бүл болон олон нийтээс хүсчээ. Эмч Аскиныг “нуруу, нугасны мэс заслын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжилдөг байна. Тэрбээр 500 гаруй хүний амийг аварч, ард түмний хувьд баатар болжээ.
Эмч “Мэдээж хэрэг хүүг бурхан харж үзсэн. Учир нь ийм хүнд осолд орсон 10 хүний 10 нь амиа алддаг. Амьд үлдсэн тохиолдол тун ховор. Би айж байсан. Гар минь чичирч, “хүүг аварч чадахгүй бол” гэх бодол намайг хүчгүй болгосон. Миний сэтгэлзүйгээс болж манай эмчилгээний баг сэтгэлээр унаж, айж эхэлсэн. Гэхдээ бид чадлаа. Бид хүүгийн алтан амийг аварч, Австралийн нэг бүлд аз жаргал бэлэглэв. Бидний хийсэн зүйл анагаах ухааны түүхэнд тодоор бичигдэх байх” гэж хэлжээ.
Анагаахын түүхэнд анхны гэгдэх толгойны ясыг эх биетэй нь холбосон мэс ажилбар өнгөрөгч 7-ны өдөр болжээ. Австралийн хэвлэлүүд хагалгааны явцыг шууд дамжуулан үзүүлсэн байна.
Хагалгаа “Аскин” эмнэлэгт болсон бөгөөд зургаан цаг үргэлжилсэн аж. Хүүгийн ээж “Зургаан цаг яг л зургаан жил шиг удаан өнгөрсөн. Хөөрхий хүүгээ харахын тулд би зэргэлдээх барилга руу авирсан ч харамсалтай нь хүүгийнхээ царайг харж чадаагүй” гэж ярьжээ. Эмчийн хэлснээр “Хагалгаа хүнд нөхцөлд болсон. Хэд хэдэн удаа хүүгийн зүрх нь зогссон. Нуруу, нугас нь хүнд гэмтсэн учир бүгдийг эхнээс нь хийсэн” гэсэн байна. Зургаан цаг үргэлжилсэн хагалгааны дараа хүү есөн цаг ухаангүй байжээ. Хүүгийн эгч “Би дүүгээ харсан. Түүний толгойд төмөр малгай өмсүүлчихсэн байсан” гэжээ.
Толгойны ясыг эх биетэй холбосон учир хүүгийн толгойд тусгай бэхлэх төхөөрөмжийг зүүсэн байна.
Хамгийн гол нь хүүгийн тархи болон нуруу, нугасанд нь ачаалал өгөхийг хатуу хориглосон бөгөөд сарын дараа эмнэлгээс гарахыг эмч зөвшөөрчээ. Харин дээрх бэхлэх төхөөрөмжийг хоёр жилдээ зүүх болно гэдгийг эмч сануулсан байна.
Хүүгийн аав Андрей Тэйлор Америкийн “NBS” телевизэд “Миний хүү хөлбөмбөг тоглож байгаа. Хоолондоо тун сайн байгаа. Хүссэн бүхнээ идэж байгаа. Уйлвал толгой нь их өвддөг учир бид аль болох уйлуулахгүйг хичээж байна. Ослын дараа бидний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Яг л там болж хувирсан. Хүүг минь амиа алдах байх гэсэн үгийг олон сонссон. Одоо миний хүү эрүүл саруул байна. Тун удахгүй өмнөх шигээ эрч хүчтэй болно. Биднийг бурхан ивээсэн байх. Хүү минь хэтэрхий балчир учир бурхан түүнийг авахаас эмээсэн байх. Хүү минь их сургуульд орж, ажил хийж, гэр бүл зохиох ёстой” гэж хэлжээ.
Ослын дараа хурдны замд болдог бүх төрлийн авто уралдааныг зохион байгуулахыг хоригложээ. “Дахин хүн гэмтээсэй гэж хүсэхгүй байна” хэмээн мужийн захирагч мэдэгдсэн байна.
Хүүгийн ээж багш мэргэжилтэй бөгөөд ослын дараа авто уралдааны эсэргүүцэж, хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна. Тэрбээр “Энэ залуусаас болж олон хүн хохирч байна. Тэд хурдны зам дээр бус тусгай газар уралдаанаа зохион байгуулах хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ