Нөгөө юмыг чинь хэлнэ шvv

Өнөөдөр Монголд жинхэнэ цадиггvй улстөр ноёрхож байна. Авлига, хээл хахууль дээр суурилсан албан тушаал, ашиг хонжооны наймаалцлыг улстөрийн голлох хvчин гэгдэх АН, МАН, МАХН жинхэнэ эрээ цээргvй хийцгээж байна. Сvvлийн гурван жил улаан цагаандаа гарсан энэхvv гутамшигт наймаалцал өнөөдөр Монгол Улсыг сvйрлийн ирмэгт авч ирлээ. Хэдийгээр гурвуулаа эрс өөр баруун, зvvн, социалдемократ vзэл баримтлалтай хэмээн тунхаглах боловч тэдэнд өнөөдөр өөрийн гэсэн vнэт зvйл, эрхэмлэн дээдлэх зарчим байхгvй болсон. Албан тушаал, ашиг хонжооны төлөө бол өнөөдөр ч намынхаа хаалыг саван гарч, жаахан хэтрvvлэн хэлбэл маргааш нь л улаан батлахаа цэнхэр батлахаар сольцгоодог болсон.
Тийм жишээ бэлээхэн байж л байгаа.
Хамгийн гол нь сvvлийн гуравхан жилийн дотор Монгол орныг сvйрлийн ирмэг дээр авч ирээд байгаа өнөөдрийн увайгvй улстөрчдийг нэгтгэж байгаа ганц зvйл нь яавал ахиухан хулгайлах, хэнтэй эвсвэл илvvхэн ашиг унагах, улмаар хэнийг хахуульдвал сайдын суудалд заларч болох вэ гэдэгт л толгойгоо гашилгаж суудаг цаг болчихоод байна. Маргааш сайд болохын тулд өнөөдөр, орой нь цэнхэр батлахтай нөхөр улаан батлахтантай тэврэлдэх, бас бус юм болох бол юу ч биш. Тэд бvгдээрээ хэн нэгэндээ барьцаалагдсан. Чуулганы хуралдааны vеэр чанга, чанга дуугаран шvлсээ vсчvvлж, гараа зангидах хэдий ч танхимаас гараад л хvзvv сээрээрээ холбогдоно. Хэн нэгнийхээ хулгай, луйврыг илчлэх гэвэл урдаас нь “Нөгөө юмыг чинь хэлнэ шvv” гээд л гvйцээ.
Энэ парламентын гайгvй зангарагатай нэгэн “Та нар энэ балиар юмаа одоо жаахан болиоч. Арай хэтэрч байна шvv дээ. Хэн нь хэдэн тэрбумыг хулгайлсныг би бvгдийг нь мэдэж байгаа шvv” хэмээн нэлээн уурласан vедээ хэлчихдэг. Мэдээж мэдээлэлд олон жил хамгийн ойр байсан, бас ч гэж “До” яамны угшилтай нэгэн болохоор тvvнд энэ парламентын гишvvдийн хэн нь хэдэн тэрбумыг, хаанаас хулгайлсан талаарх зузаан, зузаан хар дэвтэр байхыг vгvйсгэхгvй. Гэтэл тэр зангаргатан яагаад өнөөдрийг хvртэл ус балгачихсан мэт чимээгvйхэн гэлдэрнэ вэ. Vvний хариу нь ч тун энгийн. Саяхан л тvрээсийн байранд толгой хоргодож суусан тэрбээр л гэхэд зvгээр л гvлдийчихээд сажлаад явдаг нэгэн биш гэдэг нь говийн их баялагт эзэн суугчдын нэгэн, Нvхт дэхь тансаг харшийг нь барьж байсан хоригдол эндэж амь насаа алдсан, Хятадын тусгай албадтай нэр холбогдож явсан” гээд багагvй гуншингаар нь ойлгож болно. Магадгvй балиар юм хийгээд яваа, хэдэн тэрбумаар нь хулгайлаад байгаа этгээдvvдийг зарлачих гэхээр урдаас нь “Нөгөө юмыг чинь хэлнэ шvv” гэчихдэг ч байж болзошгvй.
Магадгvй өнөөдрийн 76-ын дунд хэн нэгний “Нөгөө юмыг” мэддэггvй цөөхөн гишvvний байхыг vгvйсгэхгvй. Нөгөө юманд хутгалдаагvй хэд гурван “азгvй” гишvvн ч байгаа нь тодорхой.
Харин ихэнх нь “нөгөө юм”-тай салж хагацаж чадахгvй болтлоо зууралдаж эхнээсээ тав, арван тэрбумаар хулгайлаад цуслачихсан нь ил болчихоод байгаа ч өнөөдрийг хvртэл УИХ-д ч, олон нийтэд ч зарлахгvй тэсч байна. Энэ юу вэ гэвэл Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулсан “Чингис”, “Самурай” бондыг хэлээд байгаа хэрэг билээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос vvрэг авсан УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулагдсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтанд шалгалт хийх vvрэгтэй ажлын хэсгийнхэн яагаад өнөөдрийг хvртэл дvгнэлтээ танилцуулахгvй тас дараад байгаа нь өнөөх л “Нөгөө юмыг чинь хэлнэ шvv”-тэй холбоотой. Ард тvмнийг тэнэг гэж ойлгож байвал өөрсдөө хамгийн тэнэг гэсэн vг.
“Чингис”, “Самурай” бондоос тав, арван тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан сайд асан, банкны гvйцэтгэх захиралуудын араас өнөөдөр УИХ-д хурган дарга хийгээд сууцгааж байгаа нөхдvvд Өршөөлийн хуулийг vхэн хатан хvлээцгээж байгаа нь гарцаагvй. “Чингис”, “Самурай” бондын мөнгөөр гараа угаагчдын дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын замыг жинхэнэ “там” болгосон этгээд сууж л байгаа. Хусам шиг нимгэхэн “там болсон замыг” тавьсан болж бондын мөнгөнөөс хангалттай цусласан тэр этгээдийн хар балгаар тэр замд нь хэдэн хvн амь, нас эрvvл мэндээрээ хохирсныг барагцаалах боломжгvй. “Нөгөө юм”-аараа хэн нэгэндээ барьцаалагдсан өнөөдрийн улстөрч нэртэй луйварчид 3-4 тэрбумаар нь хумсалсан нь хөдлөшгvй баримтаар нотлогдчихоод байхад л гэм нvглээ хvлээхгvй, болж л өгвөл мултарчих санаатай янз бvрийн арга мэх хэрэглэсээр шvvх хурлаа зурагтаар гаргаж хэлмэгдсэн болж жvжиглэх нь гайхаж цочирдмоор.
Бvр сvvлдээ хумсалж, луйвардсан гэмт хэргийг нь уйгагvй мөрдөж яг таг батлан тогтоосон АТГ-ын томоохон албан тушаалтан хvртэл vр хvvхдийнхээ нэрийг барин тангараглах нь холгvй цөхөрч суух вэ дээ.
Өчигдөрхөн Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж ямархуу “Эмгэнэлт жvжиг” болохыг бид харсан. Энэ хуулийг Ерөнхийлөгчийн хориггvйгээр батлан гаргах гэж амиа золихоос бусдыг хийж, бусдыгаа худалдан авч, “Нөгөө юм”-аараа эвлэлдэн нэгдэж яваа этгээдvvд цөөнгvй бий. Тэд хулгайлдагаа хулгайлчихсан, нуудгаа нуучихсан. Одоо ял, зэмгvй мултарчихвал хэдэн vеэрээ идээд барахгvй хөрөнгө, мөнгөтэй болчихсон. Хамгийн гол нь энэ парламентад л лав “Нөгөө юм”-ыг нь илрvvлээд хэлчих цөс зоригтон байхгvй. Яагаад гэвэл өнөөх нь ч өөрөө багагvй “Нөгөө юм”-тай учраас. Бид УИХ-ын гишvvд гэж иймэрхvv л 76 нөхрийг толгой дээрээ залж. Та нар дуугарахгvй байсан ч ард тvмэн та нөхдийн “Нөгөө юм”-ыг чинь зарлах цаг ойртож байгаа шvv.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ