МАН-ын бүлэг хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 40 хувийн ирцтэй үргэлжилж байна. Хуралдаанаар улсын төсөв түүнтэй холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм. УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй, сайд наргүйгээр улсын төсвийн хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн МАН-ын бүлэг хуралд оролцохгүйгээ мэдэгдэв. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
“Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Одоо дагалдах хуулиудыг нь ярьж байна. Төсвийг дагалдах хуулиудтай нь хамт батлах ёстой. Ингэхийн тулд сайд нар байх ёстой. Төсвийг хэлэлцэхэд ирцгүй хуралдаж байна. Сайд нар суух ёстой хууль зөрчигдөж байна. Тиймээс бид энэ асуудал Үндсэн хууль зөрчиж байна хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Үндсэн хууль зөрчөөд 31 гишүүний ирцтэй хуралдаад явах уу?
Эрх барьж байгаа бол ачаагаа үүрсэн шиг үүрээд, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд яв л даа. Бид сөрөг хүчин байж, та нарын өмнөөс ачааг чинь үүрээд өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Бид өнөөдөр сөрөг хүчин. Сөрөг хүчин атлаа эрх баригчдын өмнөөс ачаа үүрээд, хурлын ирц бүрдүүлээд сууж байх ёстой юм уу. Энэ гишүүд нь хааччихсан юм. Гишүүд, сайд нараа хуралдаа оролцуул. Хуралдаан даргалагч та энэ байдлаар үргэлжлүүлбэл Үндсэн хууль зөрчинө гэдгийг хэлье” гэсэн тайлбарыг хэлж, хуралдааныг орхилоо.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ