Шөнийн сурвалжлага

img

 

22:00 цаг. Хотын замын хөдөлгөөний ачаалал буурах болоогүй. 23:00 цаг мөн адил. Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 00:00 цаг хөдөлгөөнд оролцох автомашины тоо жаахан цөөрсөн ч замын хажуугийн гэрэлтүүлэг, автомашины гэрлийн өнгөтэй сүлэлдэж ер бусын цагаан шар туяа үүсгээд аль нэг зүгт давхин одно.

 

Уг нь “Шөнийн 12 цагт болж хот нойрслоо...” гээд нэг дуунд байдаг даа. Замын цагдаагийн алба хаагчидтай үүрэг гүйцэтгэх хүртлээ их хотын шөнийг энэ дуу шиг амар тайван, ажин түжин байдаг гэж санаж байлаа. Нэг сая гаруй хүн амтай том хотын амьдралыг ингэж төсөөлсөн нь эндүү байжээ. Улаанбаатар хэзээ ч унтдаггүй. Энэ хотод энд, тэндээс ирсэн залуус нь амардаггүй аж. Үүнийг замаар давхих олон машин, хэд гурваараа хэлхэлдэн алхах, элдэв нэртэй баар савны үүдэнд салж ядан зогсоцгоох залуус, дээрээс нь хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст ээлж, дараалан ирэх хэдэн зуун дуудлага гэрчилнэ.

 

Өнгөрөгч сарын 1-ний өдрөөс шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хууль нь зөвхөн жолоочид бус замын хөдөлгөөнд оролцогч хэн бүхэнд хамаатай. Тиймээс шинэ хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон Улаанбаатар хотын замын хөдөлгөөн шөнийн цагаар ямар байдаг, алба хаагчид хэрхэн ажилладагтай танилцахаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтсийг зорьж, шөнийн сурвалжлагад явсан минь энэ.

 

Бид 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагаас 15-ны өглөөний 06:00 цагт Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн “А3” бүрэлдэхүүн болон Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн “Со 16” бүсийн алба хаагчидтай  үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Нэг хоногт 11 хүн хүнд, хөнгөн гэмтэв

 

Товлосон цагтаа биднийг очиход тэр өдрийн Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн ерөнхий зохицуулагч цагдаагийн дэд хурандаа Д.Батсайхан биднийг угтаж, нөхцөл байдалтай танилцуулаад, хамтран үүрэг гүйцэтгэх “А3” бүрэлдэхүүний ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Ренчинбатад даалгав.

 

 

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын төв нь Нийслэлийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын төвөөс зам тээврийн ослын дуудлага мэдээллийг хүлээн аваад, дүүргүүдийн тухайн бүс, чиглэл хариуцсан байцаагчид хүргэдэг. Хоногт дунджаар 350-520 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг аж. Биднийг ажилласан хоногт 411 дуудлага, мэдээ, мэдээлэл хүлээж авсан. Үүнд зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэний 11 нь зам тээврийн хэрэг байлаа. Хэргийн улмаас 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэний нэг нь жолооч бусад нь явган зорчигч байсан.

 

Үлдсэн 98 нь ямар дуудлага байсан бол гэж бодож байна уу. Тэдгээр нь замын цагдаад хамааралгүй, тэд шалгахааргүй дуудлага. Өөрөөр хэлбэл худал дуудлага, жолооч нарын маргаан, иргэний үүргээ гүйцэтгэх гэсэн нэгний баталгаагүй хуурамч мэдээлэл гэх мэт байсан гэсэн үг.

 

Жижүүрийн хоёр бүрэлдэхүүн хотын бүх чиглэлд...

 

Жижүүрийн шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авагчид дуудлага мэдээллийг 1-2 минутад дамжуулах үүрэгтэй. Дуудлага хүлээн авсан алба хаагчид 18 минутын дотор дуудлага өгсөн газарт очиж үүргээ гүйцэтгэх ёстой байдаг аж.

 

Замын цагдаагийн газарт хоногт “А2”, “А3” гэх жижүүрийн хоёр бүрэлдэхүүн ажилладаг. Тэд хүн бэртэж, гэмтсэн буюу хүний эрүүл мэнд, амь настай холбоотой ослын дуудлагад явна. Биднийг очиход “А3” бүрэлдэхүүн “СХД-ийн нутаг дэвсгэр 361-н гармын орчимд Х.Сонота маркийн  авто машины жолооч Б нь Хятад улсад үйлдвэрлэсэн 19-73 улсын дугаартай  Ц жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 55 настай эрэгтэй Ц гэмтсэн” зам тээврийн хэргийн дуудлагад яваад ирсэн. Ахлах мөрдөн байцаагч нь зам тээврийн ослын акт бүрдүүлээд сууж байлаа.

 

Харин “А2” бүрэлдэхүүн өөр нэг дуудлагад явчихсан эзгүй байв. Нэг бүрэлдэхүүнд ахлах мөрдөн байцаагч, техникийн байцаагч, ШШҮХ-ийн шинжээч, жолооч багтана. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гарч буй хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн зам тээврийн осол, хэргийн дуудлагад ийм хоёр бүрэлдэхүүн очиж ажилладаг байна.  

 

Баяр ёслолын болон ачаалал ихтэй үеэр хоёр бүрэлдэхүүн хүрэлцэхгүйд хүрдэг гэдгийг албаны хүн ярьж байсан.

 

Хууль зөрчигч

 

Жижүүрийн бүрэлдэхүүний өрөөнд ороод тун удаагүй байтал дуудлага ирлээ. Замын цагдаагийн газрын урд талын зам түгжрэлтэй, дээрээс нь ногоон гэрэл асах болоогүй байв. Ойрхон газар байсан учир бид гүйчихэв. Яарах, хугацаа алдахгүй очих ёстой шүү дээ. Очтол жинхэнэ хууль, дүрэм зөрчигч нэгэнтэй таарлаа. Автомашины улсын дугаар нь замын хөдөлгөөнд оролцож болохгүй өдөр зорчсон түүнд замын цагдаагийн алба хаагч зохих шийтгэлийг ногдуулж торгуулийн хуудас өгөхөд базаж хаячихаад давхиад явчихаж.

 

 

Түүнийг дараагийн уулзварын зохицуулагч цагдаа зогсоож шаардлага тавьсан ч мөн биелүүлэхгүйгээр барахгүй, машинаараа хөл дээгүүр нь гарч, гутал дээр нь дугуйн мөр үлдээчихээд, хэл амаар доромжлоод зогсох. Энэ явдлыг хэдэн янзаар эргүүлж, тойруулж бодсон ч цагаан өнгөтэй “Prius-20” маркийн машины жолоочийн буруу болоод байв. Гэтэл тэр өөрийгөө зөвтгөөд цагдааг хараагаад, загнаад байх юм. Тэд энэ мэт буруутай буруугүй этгээд, өөрийгөө өмөөрөгчтэй өдөр тутам, бүр өдөрт хэдэн удаа даардаг.

 

 “А3” бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгээ хийгээд, хохирогч цагдаа, жолооч хоёроос тайлбар авч, хохирогчийг ГССҮТ-д очиж үзүүлэхийг зөвлөн, үүргээ гүйцэтгээд эргэж ирсэн.

 

Хоёр бүрэлдэхүүн хоногт дунджаар ослын улмаас хүн гэмтсэн 15-20 дуудлага хүлээж авдаг. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас зам тээврийн осол, хэргийн хохирогч болж байна. Ноцтой хэргийн хохирогч согтуу хүмүүс байдаг аж. Тэд энэ хоногт 23 дуудлага хүлээж авсан. Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 11 бүртгэгдэж, нэг жолооч, 10 явган зорчигч өртсөн.

 

Анхаар! Хүүхэд

 

Мөн ажлын өдрүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх олон байгаа. Хүүхдүүд гэр, сургуулийн замдаа осолд өртөх нь түгээмэл байгааг “А3” бүлгийн ахлах мөрдөн байцаагч онцолсон.

 

Энэ хоногт зам дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртсөн нь бүгд сургуулийн насны хүүхэд байсан. Ингэж хүүхэд осолд өртөх нь эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагатай шууд холбоотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг заасан. Хэрэв хүүхэд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, осолд өртсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, тухайн боловсролын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцож, 192 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах тухай ч тусгасан.

 

Гэтэл эцэг, эх, асран хамгаалагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйн улмаас хүүхэд зам тээврийн осол өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэр битгий хүүхдээрээ хашааны хаалгаа бариулж зогсоож байгаад дайрчихдаг, машиных нь хажууд тоглож байсан хүүхдээ анзаарахгүйгээр хөдөлж гэмтээчихдэг эцэг, эх цөөнгүй байдаг гэнэ. Иймээс энэ төрлийн хэрэг огт буурахгүй байгааг ч албаны хүмүүс хэлж байсан.

 

“Хурд” хэрэгтэй байна!

 

Энэ хоногт Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн хоёр бүрэлдэхүүн нийт 23 дуудлага хүлээн авч ажилласан. Тэд хурдан шуурхай, алдаагүй байсан ч хүн хүчний хувьд дутагдалтай санагдав. Хэрэв Гачуурт, 361-ын гарам хоёроос зэрэг дуудлага ирвэл хотын төвийн дуудлагад явах бүрэлдэхүүнгүй үлдэх нь. Хүний амь нас цаг, минутаар биш секунд, долиор хэмжигдэж байдаг шүү дээ. Дуудлага өгсөн газарт 18 минутын дотор очих ёстой байдаг ч алс зайдуухан дуудлагад бол амжих нь хэцүү байдаг аж. Тухайлбал, автомашин, мотоцикльтой мөргөлдсөн дуудлагыг хүлээн аваад л гарсан боловч замын хөдөлгөөнөөс шалтгаалаад 35 минутын даргаа хэргийн газар очжээ. Азаар мотоциклийн жолооч эрэгтэй амьд байж.

 

 

Тэд дуут дохиогоо ашиглан нэгдүгээр эгнээгээр зорчих, урсгал сөрөх гээд бүх боломжоо ашиглаад осол, хэргийн газарт очиход хүний амь нас эрсэдсэн байх тохиолдол ч гардаг байна. Үүнийг сонсоод, хараад юу юунаас үнэтэй хүний амь насыг хурдан аварч болох, бүхий л арга хэмжээг авмаар санагдаж байлаа! Энд анхаарлын тэмдэг хатгаж үлдээсэн зөв байх.

 

Сонгинохайрханы “Со-16”-тай үүрэг гүйцэтгэв

 

Эндээс бид Сонгиохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийг зорьж, “Со 16” бүс нийлэн үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулав. Алаг тэрэгтэй цагдаа, шугам замын байцаагч хоёр Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 9, 10, 24, 25, 26 зэрэг хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талд нь “Со 15” бүсийн мөн хоёр алба хаагч ажиллана. Хоёр алаг машинтай дөрвөн алба хаагч оройноос өглөөг хүртэл дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулдаг аж.

 

 

Сонгинохайрхан нь нийслэлийн олон хүн амтай дүүргийн нэг. Орон нутгаас шилжин ирэгсэд тэнд суурьшдаг. Гэр хороолол ихтэй. Зарим иргэн мэдээллээс хол байдаг учир шинэ хуулийн хэрэгжилт жаахан тааруухан байгаа гэнэ.

 

Улаан, цэнхэр өнгөөр солигдон эргэх алаг машины дуут дохио, гэрэлт улаан мод, завсар чөлөөгүй ямар осол, хэргийн дуудлагын мэдээлэл дамжуулах жижигхэн хар богино холбоо, жолоочийн мэдээлэл шалгагч төхөөрөмж, камер, согтуурлын зэрэг илрүүлэх авсаархан саарал төхөөрөмж, шаардлагатай тохиолдолд хэрэглэх гав зэргээр тэд “зэвсэглэсэн”.

 

Бид хамтарснаас хойш анхны дуудлагаа хүлээж авлаа. Согтуу жолооч зам тээврийн осол гаргаад зутгахаас болгоомжилж, дуут дохиогоо асааж, урсгал сөрөх газраа сөрж, гэрэл хорооллын гуу, жалгатай эвгүй замаар явсаар Толгойтын гэр хорооллын нэгэн гудамжинд ирэв. Согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 2.78 промилл илэрсэн буюу ухамсарт ухаанаа алдатлаа согтсон этгээд жолоо барьж яваад хажуугаар өнгөрч яваа машиныг мөргөчихжээ.

 

Жолоо барих нь битгий хэл биеэ авч явж чадахгүй болтлоо согтсон жолооч цагдаагийн алба хаагчийг доромжилж, загнаж бүүр сүүлдээ аргадаж үзнэ. Харин цагдаа болохгүй гэдгийг нэг удаа тайлбарлаад л түүнээс хойш ямар ч хариу өгөхгүй, үйлдэл үзүүлэхгүй. Согтуу жолоочийн аяыг дагаж, аргалахыг хичээнэ. Жинхэнэ тэсвэр, тэвчээрийн шалгуур гэлтэй.   “Со-16”-ынхан ослын газар ажиллаж, согтуу жолооч Б-г түр саатуулах байранд хүргэж, машиныг нь журмын хашаа руу ачуулав. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар түүнийг 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан жолооч нар “Нэг хундага архи эсвэл пиво уусан. Гудамжны үзүүрт архи уучихаад гэр рүүгээ орох гэж явсан” гэдэг нэг загварын тайлбар хэлэх нь сонин. Нэгийгээ “ханиа” гэж дуудсан хоёр хамтдаа согтуу, “эхнэр хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн миний бичиг баримтыг битгий хураагаач” гэж гуйсан нөхөр шөнийн хоёр цагт согтуу найз нартай дарвиад явж байхтай таарав.

 

Цагдаагаас зугтах бус үхэл рүү давхигч

 

Намрын адаг сарын шөнө жавартай, жихүүн салхитай. “Со-16”-ын хоёр алба хаагч замын хоёр талд зогсоод хойноос урагш, урдаас хойш зорчиж буй бүх жолоочийг “согтуурал шалгах багаж”-д үлээлгэнэ. Нэг согтуу жолоочийг илрүүлэхэд машинаас нь хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй дөрвөн хүн бууж ирлээ. Архи үнэртүүлсэн жолооч залуу “Ханын материал орчимд байдаг нэгэн бааранд пиво уусан” гэж тайлбарлаад, “намайг хэдэн төгрөгөөр торгох бол, эрхийг яаж хасах вэ” гэж цагдааг хоргоож байсан нь түүнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар мэдээлэл байхгүйг харуулж байв. Хууль, дүрмээ мэдэхгүй согтуу жолооч, түүнтэй хамт архи уугаад, амиа дайгаад давхиж явсан залуусыг бодохоос  айдас төрнө. Харин азтай тэд, жолооч ч аврагдсан. Магадгүй согтуу жолоочийн буруутай үйлдлээс муу юм болсон бол... . Хайран амь, хайран эрүүл мэнд.

 

 

Зарим согтуу жолооч цагдаа харангуутаа зугтаж, хөөцөлдөн барьж авахыг ч үзлээ. Тэдэнд торгууль төлөхөөс, цагдаад баригдахаас зугтах биш үхлийн өмнөөс давхиж байна гэж хэлмээр. Ийнхүү нийслэлд үүрэг гүйцэтгэсэн Замын цагдаагийн алба хаагчид энэ хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан юм.

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох жолоочийн тоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд өмнөх үеийнхээсээ эрс буурсан байна. Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг шиг буцаад согтуугаар машин барих, осол гаргах зэрэг нь өмнөхийн адил эмх замбараагүй болох дөхжээ. Замын цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт зохион байгуулж, шуурхай арга хэмжээ авсан нь тодорхой нөлөө үзүүлж, өмнөх үеийнхээс 40 орчим хувиар буурсан. Замын цагдаагийн бүрэлдэхүүний хүн хүч цөөхөн ч гэсэн хяналт үйл ажиллагаа тасралтгүй явагддаг гэдгийг албаны хүн онцолсон.

 

19.200 үнэтэй, амь үнэгүй юу

 

Замын цагдаагийн алба хаагчдын бас нэгэн санаа зовоосон зүйл бол согтууруулах ундаа хэрэглэсэн явган зорчигч зам тээврийн хэрэгт өртөх. Өөрөө хаана явснаа, ямар машинд мөргүүлснээ ч мэдэхгүй, хэргийн газарт очиж шалгахаар мэдүүлэг өгч чадахгүй, ухаангүй согтуу байх тохиолдол цөөнгүй гардаг байна.

 

 

Шөнийн цагаар зам хөндлөн гарахдаа гарцаар, гэрлэн дохиогоор гарч байгаа явган зорчигчтой нэг ч таараагүй. 4-5-хан алхчихвал явган зорчигчийн гарцаар гарчих боломжтой атал огт анзааралгүйгээр сандарч, тэвдэн гүйсээр замын нөгөө талд гарч явахтай байнга таарч байв. Тэд эрүүл ухаантай хүмүүс байсан.

 

Уулзвар дээр цагдаа байвал 19.200 төгрөгөөр торгуулихаас айж, гарцаар, гэрлэн дохиогоо гарна. Цагдаа байхгүй бол машины урдуур, хойгуур гүйгээд шууд гараад явчихна. Энд хотын, замын хөдөлгөөний соёл ярихаа болъё. Тэдэнд ингэж яваад эрүүл мэндээрээ хохирч тахир дутуу болвол, амь насаа алдвал яах вэ. Аюултай гэдгийг бодох, эрсдлийг тооцоолох ухамсар байдаг болов уу. Заавал цагдаагаар цагдуулаад байх шаардлагагүй өөртөө хайртай бол хууль, дүрмийн дагуу л зорччиход болмоор.

 

Согтуу явах шалтгаан Даргын захирамж

 

Согтуу жолооч, согтуу явган зорчигч замын хөдөлгөөнд оролцох, цаашлаад амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдөхөд нөлөөлж буй нэг шалтгааныг ажиглав.

 

Өнгөрөгч  долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу НИТХ-ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг шөнийн 04:00 цаг хүртэл байхаар тогтоосон.

 

02:00 цагийн үед бааранд пиво, архи уугаад гарсан жолооч замын цагдаатай тааралдахгүй бол хаана хүрч ямар хэрэг тарих вэ. Шөнийн 03:00 цагт гэрэлтэй үсгээр бичсэн нэр харанхуйн дундаас тодорсон элдвийн баарны үүдэнд тамхи татан, чанга чанга инээлдэн, гуйвлан зогсох хөлчүү охид, залуус зам хөндлөн гарахаар алхаад ямар эрсдэлд өртөх бол.   

 

Энэ тухай дээрх захирамжийг гаргасан Э.Бат-Үүл дарга, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд бодож байсан болов уу.

Энэ захирамж гараад гурван сар өнгөрч байна. НИТХ-ийн хурлаас согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлааагүй байгаа аж. Амьдралаас тун алсуурхан энэ шалтгааныг хэзээ үгүй хийх вэ.

 

Өглөөний 06:00 цаг. Биднийг ажлаасаа буухад /Замын цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэсээр үлдсэн/ Улаанбаатарын шинэ өглөө хэдийнэ эхэлчихсэн явган зорчигч, автомашины хөдөлгөөн нэмэгджээ. Унтаагүй нэг нь гэр рүүгээ, харьсан хэсэг нь ажил руугаа яарч буй биз ээ. Харих замдаа дүрэмгүй явган зорчигчтой олон удаа таарав. Магадгүй хаа нэгтээ хэн нэгэн согтуу жолоочийг замын цагдаа зогсоогоод шалгаж байсан байх. Өнгөрөгч шөнө лав согтуу жолооч зам тээврийн хэрэгт холбогдсон тохиолдол гараагүй.   

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Далдаакуудыг нээрээ дүрэм зөрчсөн л бол өндөр торгоод , эрхийг нь хасаад, гудамж талбай цэвэрлүүлье. Өвөл замын цас арилгуулна. Эдийн засагт нэмэртэй үнэгүй ажилчид бөөнөөрөө бна шүү дээ
2015-10-18
baasan:
Setguulchiin hajuud naad tsagdaa nar chine neg l ih soeltoi hunii dur esgee biz
2015-10-18
Зочин:
Далдага пздаанудын шийтгэл арай л багадаад бгаа юм. Эрхийг нь хасаад торгоод дээр нь нийгмийн тустай ажил хийлгэх хэрэгтэй. Хулгайч , гэмт этгээдүүдэд цагдаа муухай харагдах нь тодорхой. Шударга иргэнд цагдаа хамгаалагч болон харагддаг. Хотжоогүй эргүү дагзнуудын хотод амьдрах эрхийг нь ч хасах хэрэгтэй
2015-10-17
Зочин:
Сэтгүүлч палдигдаад байгаарай. Хууль шаардлагыг биелүүлнээ хүлээн зөвшөөрнө. Цагдаа гэдэг чинь өөрөө хогийн хүмүүс. хамгийн жигшүүрт Хүнд гэмт хэрэг биш хэргийг цагдаад ажиллаж байсан одоо ажиллаж байгаа гарууд л хийдэг
2015-10-17
Зочин:
Эрын муу цагдаа гэж ёстой унэн уг юм билээ.
2015-10-17