Намайг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байна

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэрбээр “НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Нийслэлийн Засаг дараг 410 тэрбум төгрөгөөр гараа угаасан” буюу их хэмжээний мөнгө үрэгдүүлсэн гэсэн утгатай зүйлийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээллээ. Ийнхүү намайг хүний санаанд багтамгүйгээр, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүжирдэх компанит ажил өрнөж байна” гэж ярьсан.
Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн учраас хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулна. Худал гүтгэлгийн улмаас өөрт болон гэр бүлд учирсан сэтгэл санааны хохирлыг үнэлүүлэн шүүхэд гомдол гаргаж, мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ гэдгийг ч хэлэв.
Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим асуултад хариулт, тайлбар авлаа.
-НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын нэг хувийн татварыг эсэргүүцэж байгаа. Та өөрийн байр сууриа илэрхийлээч.
-Би ирэх даваа гаригт нийслэлийн аж ахуйн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Нэг хувийн татвар бол аж ахуй бизнесийг дэмжихэд хөрөнгө оруулалт хийхэд чиглэгдсэн. Энэ татварыг хувийн хэвшил, хуулийн этгээд, Иргэдийн хурал гэсэн удирдах зөвлөл байгуулж тэрний үндсэн дээр төсөвтөө тусгаж байдаг журам хийж байдлыг тохиролцох гэж байгаа.
-Мөн хүүгийнхээ компанийг батламжилсан нь ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж мэдээлсэн.
-Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бизнес хийх, бусад үйл ажиллагаа явуулах эрхтэй. Миний хүү уг эрхээ эдэлж бизнес эрхэлсээр ирсэн. Та нар ч мэдэж байгаа. Энэнд нь төрийн албанд байгаа хүн аль болох оролцохгүй байх ёстой. Оролцох нь ч зохимжгүй.
Амгалангийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн уралдаанд хүү маань оролцсон юм билээ. Төсөл хэрэгжүүлэгчийг иргэд сонгодог. Би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тэр төсөл хэрэгжих газрын иргэдтэй очиж улзаад манай хүүгийн компани шалгарчихжээ. Гэрээгээ цуцлаад өгөөч. Дахин төвлөлтийн асуудал улс төрийн янз бүрийн мушгин гуйвуулсан ажиллагаанд өртөөд, буруу ойлгогдоод байна гэж гуйсан. Иргэд зөвшөөрөөгүй. Тэр үед олон хэвлэл мэдээллийнхэн байсан. Д.Баттулга даргын ахалсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хороо гэж байдаг. Тэд шийддэг, тэнд МАН-ынхан ч бий. Харин би хамаардаггүй.
Харин Гэр хорооллын дахин төвлөлтийн хорооноос доорх тайлбарыг хийсэн.
Амгалангийн 12 дугаар хороо 15.2 га газартай. 236 нэгж талбартай газар дахин төлөвлөлт хэрэгжинэ. Энд таван компани материал ирүүлээд санхүүгий байдал, туршлагаараа гурав нь шалгарч ерөнхий санал хураалтад орохоор болсон. АТГ-аас шалгасан. Ямар нэгэн зөрчилгүй байсан. Тэгээд Жи Ди, Гранд Лайн, Цэлмэг-Ази гэх гурван компанийн дунд санал хураалт явуулж иргэдээс 63, 20, 10 гаруй оноо авч, хамгийн өндөр оноотой Гранд лайн шалгарсан. Дараа нь журмын дагуу тодорхой хугацаа өгч оршин суугаа иргэдтэй байгуулсан хоёр талт гэрээ 75 хувьд хүрсэн учир ажлын график гаргаад захирамжлах, батламжлах шатанд орсон. Иргэдийн санал хураалтыг аваагүй, шалгуур даваагүй ямар ч компани төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдаг.
Гранд лайн компани нь хуульд заагдсан хувийн хэвшил, нийслэл, эх орныхоо бүтээн байгуулалтад орох эрхтэй. Шалгаруулалт орохын тулд санхүүгийн байдал, ажлын туршлага, хөтөлбөр, төслөө үзүүлнэ. Хамгийн том шалгуур нь иргэдийн санал хураалт байдаг. Тус компани тэдгээр шалгуурт нийцсэн.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ