Гурван иргэн амь эрсэджээ

Хятадын хөрөнгө оруулалттай “Жинлиань” компани Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь “Сайрын худаг” гэдэг газар хууль бусаар алт олборлож байна. Улмаар гурван хүний амь нас эрсэдсэн талаар “Монголболгаргео” компанийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Хятадын “Жинлиань” компани нь “Монголболгаргео” компанийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үйл ажиллагааны явцад эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй. Мөн хайгуулын нарийн төлөвлөгөөгүй газар ухсанаас 17 метрийн гүнзгий нүхэнд гурван иргэн шороонд даргадан нас баржээ. Тэд гар аргаар алт олборлодог 39,31,35 настай иргэд байжээ. Уг хэрэг өчигдөр гарсан бөгөөд хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Уурхайн хайгуулын өрмийг гадагш нь гаргаж, хайгуул хийх ямар ч багаж техникгүй болгосон. Багаж техникгүй учраас алтны гарц ихтэй суваг олж өгсөн нинжад хоёр сая төгрөг өгөхөөр амласанаас болж ийм зүйлд хүрсэн тухай “Монголболгаргео” компаний захирал Л.Пүрэвгял хэлж байв.
Монгол Болгарын хамтарсан “Монголболгаргео” компани 1979 онд байгуулагджээ. 2011 онд Монголын тал хувьцаагаа Хятадын “Жинлиань” компанид зарсан. Болгарын тал хувьцаагаа “Болгаргеомин ЛТД” компанид зарсан аж. 2013 оноос хойш Хятадын “Жинлиань” компани “Болгаргеомин ЛТД” компанид хувь хүртээлгүй, хууль бусаар дангаараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. “Мухар эрэг”-ийн алтны шороон ордыг ашиглах уулын ажлын төлөвлөгөөг “Монголболгаргео” компанийн нэрээр батлуулан ашиглалт явуулж байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ