Хар салхи хоёр хүний аминд хүрэв

АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс сануулснаар Филиппинийг өчигдөр орон нутгийн цагаар 17.45 цагт 130 км цагийн хурдтай “Коппу” гэх хар салхи дайран өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас хоёр хүн амиа алдсан хэмээн албаныхан мэдэгдэв. Амиа алдагсдын нэг нь 14 настай хүү байжээ. Тэрээр байшингийн нурангид даруулан амиа алдсан аж.
Филиппинийн Онцгой байдлын аврагчид хар салхи дайран өнгөрсөн Манила хотоос ойролцоогоор 23 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхины улмаас тус хотын замын хөдөлгөөн бүхэлдээ зогсч, гэрэл цахилгаан тасарчээ.
Манила хотноо их хэмжээний аадар бороо орж, гол үерлэсний улмаас 100 мянган загасчин амьжиргаагаа залгуулах боломжгүй болсон байна.
Ерөнхийлөгч Бенигно Акуино төв телевизээр дамжуулан амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, ард түмнээ байгалийн гамшгийн өмнө өвдөг сөгдөхгүй байхыг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ