Хураагчид нь бухимдаж, төлөгчид нь боож үхэх үү

Хотын албан татварын хууль хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байна. Гэвч хуулийн хэрэгжилт өдгөө 0 хувьтай байгаа хэлчихэд хилсдэхгүй болов уу. Учир нь уг татварыг төлөх иргэд, суутгаж авах дэлгүүр буудал, ресторан, баарны эзэд энэ талаар ойлголтгүй байна. Харин ойлголттой хэсэг нь эсэргүүцэж, бухимдлаа илэрхийлж байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, хотын Ерөнхий менежер Б.Бадрал, төрийн сан болон татварын байгууллагын удирдлагууд Хотын албан татварыг сурталчлах уулзалтыг өнөөдөр хийлээ. Уулзалтад хотын татварын суутгагчид буюу 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, ресторан, баар, буудлын эзэд оролцлоо.
Хотын дарга Э.Бат-Үүл хотын татвараас жилд төвлөрөх 13 тэрбум төгрөгийг юунд зарцуулж, иргэдийн бизнесийг хэрхэн дэмжихийг ярилцах нь энэ уулзалтын зорилго гэдгийг онцлов. Мөн тэрбээр нийслэлийн 2015 оны төсвийн 50 хувь нь хөрөнгө оруулалт руу чиглэсэн. 260 гаруй тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийснээрээ бид аж ахуйн нэгжүүдийн бизнесийг хамгаалж, ажлын байрыг хадгалж чадсан гэдгийг дурдав.
Харин уулзалтад ирсэн иргэд хотын даргаас огт өөр бодолтой байна. Оролцогчдын ихэнх нь хотын татварыг эсэргүүцэж, цагаа олоогүй шийдвэр хэмээн бухимдаж байна.
Тэд хотын даргаас иргэдээсээ асууж, шийдвэр гаргах амлалтыг нь нэхэж байв. Журам батлахаасаа өмнө иргэдээс асуух ёстой байснаас гадна хуулинд 0-1 гэж байхад заавал дээд хязгаараар 1 хувь хэмээн журамласан нь буруу хэмээн шүүмжилж байна.
Иргэдийн зүгээс журмыг өөрчилж, хотын татварыг 1 хувь бус тэглэх ёстой гэсэн шаардлагыг хотын удирдлагуудад тавьж байв. Мөн иргэд хотын дарга Э.Бат-Үүлийг гэр хорооллоор явж үзээд, хөрсөн дээр буусан зүйл ярихыг хүсч байлаа.
Ийн ширүүхэн уур амьсгалтайгаар өрнөсөн уулзалтаас татвар төлөгчид бус суутгагчид нь бухимдаж, дургүйцлээ илт илэрхийлж байв. Уулзалтад ирсэн хүмүүс бол хотын татварыг бүрдүүлж, цуглуулах үүрэгтэй 8 нэрийн дэлгүүр, баар, ресторан, буудал, амралтын газрын эзэд. Товчхондоо татварыг хураагчид нь. Тэд хотын татварыг эсэргүүцэж байна. Харин халааснаасаа мөнгө гаргаж, татвар төлөх иргэд хэрхэх бол?!
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ