Оюутнууд автобусаар чөлөөтэй зорчуулахыг шаардав

МОХ-ны удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар U-money карт захиалахад бүрдүүлэх ёстой бичиг баримтнаас шалтгаалсан 30 гаруй мянган оюутны өргөдөл МОХ-д иржээ. Иймд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Их дээд сургуулиудын оюутан U-money карт захиалахад 8 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай аж. Хорооны болон оршин суугаа газрын, дүнгийн, түр оршин суугчийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх юм байна. Нийтийн байранд амьдардаг бол тус байрны эзэнтэй гэрээ байгуулж, иргэний үнэмлэхтэй нь хороон дээр биечлэн авчирснаар оюутан түр оршин суугчийн тодорхойлолт авах боломж бүрдэх аж. Уг бичиг баримтыг бүрдүүлэхэд хүндрэл тулгарч байгааг тусгасан 30 гаруй мянган оюутны өргөдөл МОХ-нд иржээ. Мөн дээрх асуудлаас шалтгаалан есдүгээр сарын сүүлээр эхэлсэн оюутны U-Money картны захиалга одоог хүртэл дуусаагүй байгаа аж. Иймд МОХ-ноос Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд бичиг баримт бүрдүүлэлтийг цөөлөх, нийтийн тээврээр оюутан өдөрт 2 удаа зорчих журмыг өөрчилж чөлөөтэй зорчих эрхтэй болгох гэсэн үндсэн хоёр шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагыг хүлээж авах хүртэл МОХ, Чингисийн талбайд байрлаж ажиллахаар болжээ.
“2010 онд НИТХ-аар хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутныг нийтийн тээврээр зорчуулах журмыг баталсан. Уг журам одоог хүртэл үйлчилж байна. Бид шинэ зүйл хүсээгүй. Баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол Э.Бат-Үүл дарга огцор. Эсвэл оюутнуудын асуудлыг шийдэж өг” хэмээн МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр хэлж байв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ