Д.Чойжамц: Бидэнд аугаа юм их бий

Энэ оны нэгдүгээр сард олонд ил болсон “Өвгөн Гэсэр лам” хэмээн олноо алдаршсан Ц.Чүлтэмжамцийн шавь, аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн биеийн увидасын талаар олонд мэдээлэл өгөх хэвлэлийн хурал өнөөдөр “Ханбүргэдэй” төвд болсон.
Өнөөдрийн мэдээлэлд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын бурхан шашны дээд сургуулийн захирал Ш.Сонинбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Архангай аймгийн Цахир сумын ИТХ-ын дарга Д.Болд-Эрдэнэ, мөн сумын Сүсэгтний холбооны тэргүүн Л.Өлзийбат, доктор, профессор Р.Ринчинбазар болон бусад эрдэмтэн, судлаач оролцсон. Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Буриад “Итгэлт хамба”-аас жилдээ тэрбум гаруй төгрөгийн ашиг олдог гэж мэдээлэгддэг. Түүн шиг манайх эдгээр шүтээнийг залснаар аялал жуулчлалыг татна гэж олгож байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: -2000 метр гаруй өндөртэй хайрхан дээр 100-аад жил байгаад оюун сэтгэхгүй нь байгаа гэдэг бол гайхамшиг. Монгол Улсын Соёлын өвийн тухай хуулийн дагуу Засгийн газар орон нутгийн удирдлагууд хамтарч ажиллаад ямар ч байсан хамгаалалтад авчихлаа. Аялал жуулчлал, дэд бүтцийн асуудалд орон нутгийн бизнес аялал жуулчлалын салбарууд хамтарч ажиллах ёстой байх гэж бодож байна. Шүтээн бие Монгол Улсын хүн ам гурван сая хүрсэн тэр өдөр ил гарсан. Дэлхийн алдартай мэдээллийн хэрэгслүүдээр гайхамшиг гэж цацагдсан. Ер нь их учиртай.
-“Итгэлт хамба”-д мөргөвөл гэнэтийн ослоос хамгаалдаг гэдэг. Үүн шиг увидас, авшиг жанлав зэргийнх нь талаар тайлбар өгөөч.
Д.Чойжамц хамба: -Агуу их бясалгалд суусан гэгээрэлтэй улсуудын хаа байгаа газарт асар их адис жанлав оршдог. Буриадын хамбынх ч манайд гарч ирж буйтай ижил юм. Нутгийн хөгшний ярьснаас таанууд харах хэрэгтэй. Ерөөсөө коммунизмын үед маш олон дарга тушаалтай хүн байсан тэд яагаад энэ хоёрыг улаан засагт хэлээгүй вэ. Хэрэв хэлсэн бол дор нь аваачаад шатаагаад, эргэл мөргөлийн газар боллоо гээд устгачих ёстой. Овооны чулуун дор байсан юмыг амархан сүйтгэнэ шүү дээ. Тэгэхээр ямар хэмжээнд нутгийн ард түмэн шүтэж биширч, тэр нутгийн мал сүрэг зуд зурхангүй сайн сайхан байгаа, бүгд нууцаар очиж мөргөдөг байсан тухай зэргийг сая ярилаа. Тэр адис жанлав энэ хоёр ламынх юмдаа гэж би ойлгосон.
Тийм их адис жанлавтай хүчин байгаа учир улаан засагт ховлоогүй, тэнд тийм юм байна гэж нэг ч хэлээгүй, сэмээрхэн очиж мөргөөд энэ хүртэл явсан нь тэр хүний аугаа их хүчинтэй холбоотой болох нь мэдрэгдэж байгаа. Бид нар өөрийнхөө сайн сайхан зүйлээ магтаж, сүсэглэж сурах ёстой. Энэ бол хүний сүсгээс хамаарна. Цаана нь аугаа их адис жанлав байлаа ч гэсэн наад талдаа тоохгүй байвал юу ирээ аж дээ. Сүсэглэж чадвал тэрний адис жанлав хүн бүрт очиж болдог ийм л хувь зохиолтой байдаг. Бид гадагшаа харалтгүй асар их зүйл Монголд байна. Бидэнд өөрсдөөсөө судлах юм их бий. Өөрсдөд минь адис жанлавтай аугаа их хүчтэй юм олон бий. Энэ байгаль дэлхийд минь ариун дагшин, гадна тийшээ яваад байлтгүйгээр очоод сүсэглэчихээр өчнөөн дөчнөөн газар бий. Тийм учраас өөрийнхөө нутаг руу харах, ёслол уламжлал руу харах, өөрсдийгөө харах ёстой. Бидэнд аугаа юм бий.
“Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, Соёлын өвийг хамгаалах сангаас мөнгө төгрөг гаргаж цогцолбор байгуулж байна. Сүсэгтнүүдийг хүлээж авах, эргэл мөргөл хийх нөхцлийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Цаашлаад аялал жуучлалыг хөгжүүлж, сүсэгтэн олны өргөл, мөргөлийн ач тус эх орондоо үлддэг. Дээр нь зөвхөн монголчууд бус монгол үндэстэн хүн бүрийн эргэж мөргөдөг шүтээний газар болох гэж найдаж байна” хэмээсэн.
-Нутаг орон, яг байсан газарт нь эргүүлэн зална биз дээ?
Цахир сумын ИТХ-ын дарга Д.Болд-Эрдэнэ: -2700 метрийн өндөртэй уулан дээр бүтээн байгуулалтын ажлыг хийж чадлаа. Шүтээн биеийг нутаг усанд нь, байсан бууринд нь эргүүлэн зална. “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээлгэнэ. Харин энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газар дээр нь барьсан гэр өргөөнд нь залах юм.
Өнөөдөр ирсэн эрдэмтэн, судлаачид: “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нарын гэрээслэлийг үл зөрчин нутагт нь, анх байсан бууринд нь цогцолбор барьж залахаар болсон. Өөрсдөө гэрээслэлдээ Содномдаржаа уулын гурван онийн дунд байлгаарай. Насан туршдаа энд оршиж ирэх аюулт зүйлийг хамгаалж, мөнхөд байна хэмээн гэрээлэсэн байдаг. Үүнийг зөрчих ёсгүй. Харин цаашид аялал жуулчлалын чиглэлээр байлгах бүрэн бололцоотой гэдгийг онцолж байсан юм.
Цахир сумын Сүсэгтний холбооны тэргүүн Л.Өлзийбат “Манай сум Улаанбаатр хотоос 700 гаруй км-ын зайд оршдог. Манай суманд 100 гаруй жил оршиж, бидний шүтэж, үр хүүхдэдээ домог, хууч яриа мэт хэлж захисаар ирсэн Гэсэр багш түүний шавийн занданшсан шүтээн бие ил болсон. Сүүлийн 120 гаруй жил манай нутагт ган, зун, олныг айлгасан зүйл болоогүй нь эдгээр хоёр хүний ач гавьяа гэж нутгийн зон олон бид бодож, сүсэглэж явдаг” гэж ярьсан.
Мөн энэ оны нэгдүгээр сард нэг шүтээнт шарил байрнаасаа зүй бусаар хөндөгдсөн зохисгүй тохиолдол гарсан. Гэтэл өнгөрөгч долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд газар нутагт гэнэтийн цочрол хүйтрэл болж, хүйтэн бороо, цас орж уг нутгийн хэд хэдэн айлын мал олноор үхэж үрэгдсэн явдал нь шүтээнт шарилыг зүй бусаар хөндсөнтэй холбоотой гэж нутаг усныхан үзэж байгаа гэнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ