Ахмед Мухаммед: Ангараг руу очих хөлгийг бүтээмээр байна

Техасын “MacArthur” сургуулийн хүүг өнгөрсөн сард цаг бүтээснийх нь төлөө баривчилсан билээ. Сургуулийн удирдлагууд хүүгийн зохион бүтээсэн цагийг тэсрэх бөмбөг хэмээн андуурч, цагдаад дуудлага өгчээ. Энэхүү мэдээллийн дараа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама хүүг Цагаан ордондоо урьсан юм. Хүү өчигдөр Обаматай уулзаж, дараа нь Британийн “www.dailymail.co.uk” сайтад ярилцлага өгчээ.
-Чиний зохион бүтээсэн цаг ийм их асуудал, ийм их талархал авна гэж бодсон уу. Цагийг чинь тэсрэх бөмбөг хэмээн андуурч, чамайг баривчлагдахад ямар байсан вэ?
-14 насандаа цагдаад баригдаж, гарандаа гав зүүж үзлээ. Тэр өдрийг санахыг хүсэхгүй байгаа ч өөрийн зохион бүтээсэн цагийнхаа ачаар олонд танигдсандаа баяртай байна. Физикийн хичээлийн бие даалтад зориулан би электрон цаг бүтээсэн. Бараг гурван сарыг тэр цаганд зориулсан. Харин цагаа сургууль дээр авчраад удаагүй байхад цагдаа нар намайг баривчилж, тусгаарласан. Би юу ч ойлгоогүй.
-Сургуулийн удирдлагууд чиний цагийг тэсрэх бөмбөг хэмээн андуурч, цагдаад дуудлага өгсөн гэсэн?
-Миний зохион бүтээсэн цаг тэсрэх бөмбөг шиг харагдсанд харамсч байна. Тэд миний цагийг ажиллуулж үзээгүй мөртлөө яагаад тэсрэх бөмбөг хэмээн андуурсныг гайхаж л байна.
-Гомдолтой байна уу?
-Тиймээ. Хэрвээ би исламын шашинтай айлын хүү биш зүгээр л америк хүү байсан бол тэд намайг баривчлахгүй байсан. Би шашин болон гадаад төрхөөсөө болоод баригдсан.
-АНУ-ын Сансар судлалын хүрээлэн буюу “NASA” гэсэн бичигтэй футболк өмссөн хүү электрон цаг бүтээснийхээ төлөө баригдсаны дараа Ерөнхийлөгч Барак Обама болон олон алдартнууд дургүйцлээ илэрхийлсэн. Энэ тухай?
-Тиймээ санаж байна. Тэр өдөр миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Намайг тэр гайхалтай эрхмүүд хамгаалж байсанд би их баярласан. Хэрвээ би зохион бүтээсэн цагаа сургууль дээрээ авчраагүй байсан бол өнөөдөр Ерөнхийлөгчтэй уулзаж чадахгүй байлаа. Түүнтэй уулзах нэр төрийн хэрэг. Өнөөдрийн уулзалт миний ирээдүйг гэрэлтүүлсэн. Би ирээдүйгээ бартаагүй байлгахын тулд их хичээх хэрэгтэй гэдгээ ухамсарласан. Би зорилгоо биелүүлэх болно.
-Зорилгынхоо тухай?
-“NASA” 2030 онд Ангараг гариг руу сансрын нисгэгч илгээхээр төлөвлөж байгаа. Би тус гариг дээр хөл тавих тэр сансрын нисгэгчийн суух хөлгийг бүтээмээр байна. Миний зохион бүтээсэн электрон цаг бол дөнгөж эхлэл. Би зураг төслөө гаргачихсан байгаа. Хөлөг бүтээхэд олон жил шаардлагатай гэдгийг мэднэ. Тиймээс хичээж байна.
-Баригдсаныхаа дараа сургуулиа сольсон гэсэн?
-Тиймээ. Сургуулиа солихоос өөр сонголт байгаагүй. Азаар гэр бүл минь миний сонголтыг дэмжсэн. Би дахин ичгүүртэй байдалд орохыг хүсэхгүй байна. Хүүхдүүдийн харилцаа намайг ганцаардуулдаг.
-Ерөнхийлөгч Обама хэлэхдээ “Ахмед хүү баригдсан нь зөвхөн түүний гадаад төрхтэй холбоотой. Олон хүүхэд шашин шүтлэг, арьс өнгөөс болж хохирогч болж байна” гэсэн. Үүнтэй санал нэгдэж байна уу?
-Санал нэгдэж байна. Тиймээ, арьс өнгө эсвэл өчүүхэн шалтгаанаас болж хохирогч болсон хүүхдүүдийг зөндөө харсан. Миний оюуны бүтээлийг Ерөнхийлөгч үнэлээгүй байсан бол би өнөөдөр ямар явахаа мэдэхгүй байна. Тэрбээр өөрийн твиттертээ “Янзтай цаг болсон байна. Ахмед. Үүнийгээ Цагаан ордонд авчрахыг хүсч байна уу? Бид Ахмед шиг шинжлэх ухаанд дуртай олон хүүхдийг урамшуулах хэрэгтэй. Ингэснээр Америк орон гайхалтай хүчирхэг болно” гэж жиргэсэн. Энэ хэдхэн мөрт миний урмыг тэтгэсэн.
-Хөлөг бүтээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүн болж чадах уу?
-Тиймээ, чадна. Надад мөрөөдөл байна. Надад мөрөөдөл байна гэдэг нь зорилго бий гэсэн үг. Би мөрөөдөлдөө заавал хүрэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ