Хот хооронд зорчих тасалбарын үнэ цаашид ч буурна

Дундговь – Улаанбаатар - Дундговь чиглэлийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ өчигдрөөс хямдарч, 13 200- 8 800 төгрөг болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл цаашид хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифт ямар өөрчлөлт орох талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхбатаас тодрууллаа.
-Өчигдрөөс Мандалговь чиглэлийн нийтийн тээврийн тасалбарын үнэ буурсан байна. Үнээ яагаад буулгах болов?
-Хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон. Ингэснээр хувьдаа жижиг машинтай хүмүүс хүн тээвэрлэж эхэлсэн. Энэ нь хот хоорондын замд осол нэмэгдэх шалтгаан болсон. Хоёрдугаар, орон нутгийн зорчигчоо нэмэгдүүлэх үүднээс үнээ буулгаж байгаа. Гуравдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед иргэддээ хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх үүднээс ийм шийдвэрийг гаргасан.
-Цаашид бусад аймгууд руу зорчих тасалбарын үнэ буурах уу?
-Бид аймгуудын Засаг даргын Тамгын газартай ярилцаж байгаа. Ер нь бүх аймаг руу зорчих тасалбарын үнийг үе шаттай буулгах бодлого барьж байна. Өчигдөр Дундговь чиглэлийн зорчих тасалбарын үнийг буулгасан. Мөн Өмнөговь чиглэлийн тээврийн үйлчилгээний үнэ 27 000 төгрөгөөс 22 000 болж, 5 000 төгрөгөөр хямдарсан байгаа.
-Ер нь хот хоорондын тээврийн үнэ тарифийг хэрхэн тооцож, тогтоосон байдаг вэ?
-Километр тутамд 50-65 төгрөгөөр тооцож баталсан сайдын тушаал бий. Нэг километр нь 50-60 төгрөг гэдэг бол маш хямд тариф. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ үнээ байнга нэмж, улсаас нөхөн олговор, татаас авдаг. Харин хот хоорондын тээврийн тасалбарын үнэ сүүлийн 10 жил нэмэгдээгүй. Төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдийн хүч боломжоороо ажиллаж байгаа.
-Хот хоорондын тээвэрт хичнээн компани үйлчилгээ эрхэлж байгаа вэ?
-Нийт 43 аж ахуйн нэгж, байгууллагын 1120 тээврийн хэрэгсэл 21 аймаг, алслагдсан 3 дүүрэг, 68 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ