Санжайжав аграмбад сүсэллээ

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нэгэн занданшуулсан бие олдсон. Нэгэн этгээд бусадтай үгсэн тохиролцож, харийнханд өндөр үнээр худалдахыг санаархаж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн, энэ нь эгэл биш хүний занданшуулсан шарил байх нь лавтай гэж мэдээлэгдэж байсан билээ. Түүхийн хүрээлэн, археологи, шүүх эмнэлэг, цагдаа болон шашны зүгээс гээд олон талын мэргэжилтнүүд багтсан шуурхай ажлын хэсэг байгуулагдаж хэн болохыг нь тогтоосон.
Уг занданшсан шүтээн бие нь Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир суманд төрсөн “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын /1816-1894/ шавь, аграмба Р.Санжайжавынх /1826-1905/ болохыг тайлсан билээ. Эдүгээ хүртэлх түүхэнд занданшуулах үйлийг үндсэндээ хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол “Өвгөн Гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрийн увидасаар өөрсдөө занданшсан гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Тэгвэл өнөөдөр аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн биеийг Гандантэгчинлэн хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэлж байна. Энэ ажил маргааш мөн үргэлжлэх юм. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц "Энэхүү шүтээн биеийн увидас Буриадын Итгэлт хамбынхтай адил" хэмээсэн. Шүтээн биеийг залах ёслолд сүсэгтэн олон олноор цугларчээ.
Харин энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төрөлх нутаг буюу Архангай аймгийн Цахир суманд занданшсан шүтээн бие оршиж байсан газар дээр нь барьсан гэр өргөөнд нь залах аж. Үүнээс хойш энэхүү шүтээнд сүслэх зам нээлттэй болох нь ээ.
Аграмба Р.Санжайжавын занданшсан шүтээн бие олонд ил болсноос хойш төр, шашны байгууллагууд хамтран ажиллаж “Өвгөн гэсэр лам” Ц.Чүлтэмжамц, түүний шавь аграмба Р.Санжайжав нарын занданшсан шүтээн биеийг нь өөрсдийгөө занданшуулсан төлөв байдалд оршоосон Содномдаржаа уулнаа /далайн төвшнөөс дээш 2733 метрийн өндөр/ цогцолбор бүтээж оршоохоор болсон билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ