“Хулгайч” эмч нарт гоо сайхнаа даатгаж болохгүй

НМХГ-аас эх барих эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг танилцуулж, НМХГ-аас хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр амралтын өдрүүдэд гадаадын эмч нар ирж, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр гоо сайхны мэс засал, эмчилгээ хийдэг тухай мэдээлэл байгааг онцлов. Энэ талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Гадны улс орноос эмч нар ирж гоо сайхны болон эмчилгээний мэс засал хийж байна гэлээ. Танд тодорхой мэдээлэл байна уу?
-Солонгос, Хятадаас эмч нар ирж, эмчилгээний гоо сайхны чиглэлээр ажлын бус цагаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид төлөвлөгөөт хяналт шалгалт явуулна. Тиймээс одоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Эмчилгээний чиглэлийн үйлчилгээг тухайн эмч, эрүүл ахуйн шаардлага хангасан эмнэлгийн орчинд явуулах ёстой. Мөн ЭМЯ-наас эмчлэх эрхийн зөвшөөрөл авч Монголд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл гаднаас ирж байгаа хүмүүс мэргэжлийн эмч мөн эсэх нь тодорхойгүй. ЭМЯ-наас авсан зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл бидэнд ирээд байгаа.
-Гоо сайхн хагалгаа, үйлчилгээнээс болж иргэд хохирсон тохиолдолд яах вэ? Тухайн эмнэлэг, эмч ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Эрүүл мэндийн тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дээш нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний торгууль ногдуулдаг. Зөрчил гаргасан эмч, эмнэлгийн ажилтны, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлдэг.
-Тэгвэл гадаадын эмч нар тэднийг авчирсан эмнэлэгт ямар арга хэмжээ авах вэ?
-Гаднаас ирж, зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийсэн нь тогтоогдвол Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт мэдэгдэж, Монгол Улсын хилээр дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авна. Харин эрүүл мэндийн хуулийн дагуу, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан эмнэлгийн хууль бусаар олсон орлогыг хураана. Эмнэлэгийн албан тушаалтанд захиргааны шийтгэл ноогдуулна.
-Гоо сайхны хагалгаа хийлгээд гомдолтой байгаа иргэд хаана хандах ёстой юм бэ?
-Тухайн иргэний гоо сайхныг алдагдуулсан, шаардлага хангахгүй эмчилгээ, мэс засал хийсэн бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандах боломжтой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу иргэний хүсэлтийг барагдуулах эрх зүйн орчин бий. МХЕГ болон НМХГ-ын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан 11 байцаагч ажилладаг. Эдгээр байцаагч тухайн гоо сайхны гэх тодотголтой эмнэлгүүдийг хянаж, шалгах эрхтэй. Тийм учраас эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй, хууль бусаар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа гадаад эмч нар, тэднийг авчирсан эмнэлгийн талаар мэдээлэл байвал бидэнд хандаарай.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ