Сургууль, цэцэрлэгийн талбайд орон сууц барихаар болжээ

“Богд-Ар” хорооллын оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тус хорооллын сургууль, цэцэрлэг баригдах ёстой талбай дээр 12 давхар 170 айлын орон сууц баригдахаар болжээ. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн уг барилгын зөвшөөрлийг цуцлахыг шаардан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт болон Шадар сайдад гомдол гаргах болсноо мэдэгдлээ.
Барилгын гүйцэтгэгч нь хятадын хөрөнгө оруулалттай “Богда холдинг” компани аж. Тус компаниас анх 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барих төлөвлөгөөг захиалагчдад танилцуулж байсан аж. Гэвч 15 жилийн хугацаанд хороололд дээрх бүтээн байгуулалтаас хийгдээгүй. Сургууль цэцэрлэг баригдах талбайд 12 давхар, хоёр орон сууцны барилгын ажил хийгдэх гэж байгааг оршин суугчид хэлж байв. Мөн уг компанийн орон сууцны контороос, оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр хураамж авах болсон аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас дулааны үйлчилгээний төлбөр 5500 төгрөг авч эхэлсэн. Энэ төлбөрийг зуны улиралд ч авч байжээ. Мөн УДТАЗРДА гэх товчилсон нэртэй үйлчилгээний төлбөрт 6000 төгрөг авдаг аж. Оршин суугч 500 өрхөөс нийт 41 сая төгрөгийг хууль бусаар завшсан гэж “Богд-Ар” хорооллын “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ын гишүүн Г.Нямдаржаа хэлэв. Тэрээр “Сургууль цэцэрлэгийн газар дээр барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгчихсөн. Энэ зөвшөөрлөө цуцалж анхны ерөнхий төлөвлөгөөгөөр баталсан зургийн дагуу машины зогсоол, сургууль, цэцэрлэг барьж өг” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ