Олон саяын үнэтэй “гахай”-гаа одоо наа

Өчигдөр өдөр орсон бороо, орой бударсан цасны улмаас нийслэлийн зам, гудамж, талбайн халтиргаа, гулгаа аюултай нөхцөл байдалд хүрлээ. Тээврийн хэрэгслийн жолооч нар, автомашинтай зорчигчдоос гадна явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл бэрхшээлтэй байна.
Энэ нь аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн зам талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаатай холбоотой юм. Уг нь “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-д зааснаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуй нэгжүүд “Өөрийн байрны баталгаажсан эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах” үүрэгтэй.
Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн гэсэн үг.
Гэтэл энэ үүргээ биелүүлж буй аж ахуй нэгж хэд байгаа бол. Хамгийн ойрын жишээ татахад хотын төвд байрлалтай Соёлын төв өргөө, “I LOFT” баар, “Оргил” худалдааны төв зэрэг томоохон байгууллага, аж ахуй нэгж лав энэ үүргээ биелүүлсэнгүй. Тэдний хажуугийн явган хүний замаар хүмүүс халтирч, унаж тусан явж байна. Хэрэв тухайн аж ахуй нэгж, байгууллагын эзэмшлийн цас мөсийг нь арилгаагүй талбайд явган зорчигч унаж бэртэж гэмтсэн тохиолдолд үүргээ биелүүлээгүй байгууллага хариуцлага хүлээнэ.
Харин аж ахуйн нэгж байгууллагыг журмаар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгааг нь хэн, хэрхэн хянадаг нь тодорхой бус юм. Ямар нэгэн хяналттай байсан бол зарим газрууд хоёр өдрийн хугацаанд цас мөснөөсөө салсан байх нь лавтай.
Нийслэлийн хэмжээнд болзолт уралдаан зарлаж тохижилт сайтай сайн байгууллага, аж ахуйн нэгжийг смайл буюу инээсэн хүний дүрсээр шагнаж, муугийнх нь үүдэнд гахай нааж байгаа. Үүний хүрээнд 51 ажлын хэсэг аж ахуй нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж байгаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлсэн. Бас сайшааж дүгнэх смайл, мууг нь арилгуулах гахай наалтаа 14.7 сая төгрөгөөр урлуулсныг “тунгалаг” данс мэдэгдсэн.
Тэгвэл одоо хяналтаа тавиад, үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгж, байгууллагын хаалган дээр олон саяын үнэтэй гахайнаасаа хэдийг наагуузай.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ