Сураггүй болсон иргэн осгож амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас долоон иргэнийг авран хамгаалж ажиллажээ.
Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг. Өнгөрсөн хоногт нэгэн иргэн сураггүй болсныг ар гэрийнхэн нь мэдэгдэж онцгой байдлын аврагчид хайж олоход осгож амь насаа алдсан байжээ.
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ