Зүүн бүсийн физикийн олимпиад Сүхбаатарт болно

Зүүн бүсийн Физикийн 18 дугаар олимпиад Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдана. Энэ сарын 31-нээс 11 сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпиадад оролцогч сурагч, багш нар мэргэжлийн дурангаар сансар огторгуй дурандах аж. Мөн Улсын Физикийн олимпиадын хороо болон МУБИС-ийн төгсөгчдийн холбоо МУИС, ШУТИС, МУБИС-ийн физикч багш, эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.
Тус олимпиадад байр эзэлсэн төгсөх ангийн сурагчдад МУБИС, ШУТИС, МУИС-д суралцах урилга олгох юм байна.
Энэхүү олимпиад нь анх 1997 онд Дорнод аймгийн Цагаан овоо суманд Физикийн бага олимпиад нэртэйгээр зохион байгуулагдаж байжээ. Үүний дараа буюу 2005 онд Хэнтий аймгийн Бэрх хотод IX олимпиад зохион байгуулагдсанаас хойш Зүүн бүсийн олимпиад болон өргөжжээ.
Сүхбаатар аймгийн II сургуулийн зохион байгуулж буй энэ удаагийн олимпиад нь Улсын Физикийн олимпиадын хорооны салбар олимпиад болж буйгаараа онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ