Нэг өрх-хоёр хүүхэдтэй болж магадгүй

img

БНХАУ-ын эрх баригч Комминуст намын удирдлагууд 1980 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Нэг өрх-нэг хүүхэд” гэх бодлогоо халахаар төлөвлөж байгаа гэнэ. Хөгшрөлт болон хүйсийн тэнцвэргүй байдлаас болж тус улсын удирдлагууд дээрх саналыг гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

2012 оноос яригдаж ирсэн хоёр хүүхэдтэй болох асуудал өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Хятадын төрийн хэвлэлүүдийн уламжилж буйгаар “Удирдлагууд албан ёсоор тохиролцож чадвал 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өрх бүр хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрнө” гэсэн байна.

 

Ирэх долоо хоногт Бээжин хотноо Комминуст намын удирдлагуудын хаалттай хурал зохион байгуулагдах бөгөөд энэхүү уулзалтаар “хоёр хүүхэд” төсөл хүчин төгөлдөр хэрэгжиж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. 2000 оноос тус улс даяар төрөлт багасч, сүүлийн хэдэн жил ажиллах хүчний дутагдалд ороод байгаа юм.

 

Хятадын зарим мужид нэг өрх хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. “Синьхуа” агентлаг “Хятадын 19 муж хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг” гэж мэдээлжээ. Дээрх мужийн удирдлагууд 1990 оноос анхны хүүхэд нь охин бол удам залгах хүү төрүүлэхийг зөвшөөрдөг юм байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ