Монгол Улс хүний эрхийн асуудлаар олон улсын хэмжээнд ажиллана

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган энэ сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон. Уг чуулганаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс ялалт байгуулсан. НҮБ-ын гишүүн 192 орноос 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр онгоцноос буусан даруйдаа мэдээлэл хийсэн.
НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 47 гишүүн орон байдгаас энэ жил 18 гишүүн орныг сольжээ. Ингэснээр Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөнөөс Монгол Улс хамгийн их саналыг авч Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогджээ. Арабын нэгдсэн Эмират улс 159 саналаар хоёрдугаарт, 147 саналаар Киргиз улс гуравдугаарт, 136 саналаар БНСУ дөрөвдүгээрт, 113 саналаар Филиппин улс тавдугаар байранд тус тус жагссан байна. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллахаар болжээ.
Мөн Хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шйидвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа аж. Манай улс 2012 онд уг сонгуульд нэрээ дэвшүүлснээр гурван жилийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулжээ.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 15 байнгын гишүүн оронтой. 5 орон нь байнгын бол 10 нь байнгын солигдож байдаг. 2022 онд болох Аюулгүйн зөвлөлийн гишүүний энэ сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн байгаа. Хүний эрхийн зөвлөлд яаж ажиллах нь 2022 оны сонгуульд шууд хамааралтай гэж үзэж байна. Тиймээс энэ сонгуулийн угтвар ажил амжилттай хийгдлээ гэж хэлж болно” хэмээн хэлэв.
Тэрбээр хурлын төгсгөлд “Хүний эрхийн асуудлаар олон улсын хэмжээнд ажиллахаар боллоо. Иймээс дотооддоо мөн олон улсын зарчмыг баримталж ажиллахаа онцолсон юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ