Б.Батзаяа дөнгөж эхлэл нь үү

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг гэрээс нь баривчилжээ. Түүнийг шууд хорих ангид аваачиж, байцааж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, авлига авсан байж болзошгүй хэмээн түүнийг баривчилсан аж. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Төмөр зам хариуцсан салбарын өндөр албан тушаалтнаар ажиллаж байсан хүн болон гүйцэтгэгч компанийн удирдлагыг хамтад нь саатуулсан нь санаандгүй хэрэг биш нь мэдээж. Товчхондоо Б.Батзаяа, “Самсунг С&Т” компанийн хороондын холбоо нь хууль зөрчсөн ямар нэг үйлдэлтэй болж таарна.
Төмөр замтай холбоотой асуудлаар шалгагдах хүмүүс Б.Батзаяагаар зогсохгүй гэсэн мэдээлэл бас байна. Чингис бондын хөрөнгөөс 260 сая орчим доллар зарцуулсан ч ажил нь дуусаагүй төмөр замын асуудал салбарын сайд нарыг ч дуудаж магадгүй бололтой.
Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сайн нэртэй байгаагүй. Тухайн үеийн Ерөнхий сайдаас хариуцлагаа сайжруулах сануулгыг удаа дараа авч, ажлаа хийж чадахгүй бол хална гэж хатуу донгодуулж байсан ч удаатай. Эцэст нь ажлын хариуцлага алдсан шалтгаанаар түүнийг ажлаас нь чөлөөлж, “сул хүн” болгосон.
Б.Батзаяа 2009 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation limited” корпорациас хөнгөлөлттэй зээлээр 35.7 орчим сая ам.долларын зүтгүүрүүд худалдан авсан бөгөөд энэ зүтгүүрүүд шив шинээрээ Улаанбаатар төмөр замын дипогийн хашаанд төмрийн хог болоод удаж байгаа. Мөн зээлээр 28.5 сая долларын үнэтэй 62 ширхэг засварын машин авсан нь “Болд Ерөө” компанийн хашаанд бороо, цасанд зэврээд хэвтэж байна. Нийтдээ 64.2 сая долларын алдагдалтай наймаа хийсэн гэхчлэнгээр түүнтэй холбоотой таагүй баримт цөөнгүй бий.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн гэгддэг Б.Батзаяа албан тушаалын шатаар ч хялбархан өгссөн. “Монголын төмөр зам”-ын захирлаас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга “дэвшиж”, яамны мэдлийн сонгон шалгаруулалт, тендерын гол эзэн болсон. Харин тэр албан тушаал нь түүнд зохиогүй бололтой. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч, суудлаасаа буусан хойноо ч асуудлаас ангид байсангүй. Гэрээс нь баривчилж, саатуулсан ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй ч, төмөр замыг тойрсон том дуулианы эхлэл болохыг үгүйсгэмгүй.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ