Осол уу, санаатай аллага уу

img

Оросын агаарын тээврийн онгоц осолдож, 224 хүн амиа алдав. Энэ талаар Америкийн “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Оросын агаарын тээврийн “Когалыавиа” компанийн “Airbus A321” онгоц өнгөрөгч бямба гаригт Египетийн Синайн хойгт осолджээ. Онгоцонд 217 зорчигч болон багийн долоон гишүүн зорчиж явсан болохыг “Когалыавиа” компанийн  хэвлэлийн албанаас мэдээлэв. Ослоор бүх зорчигч амиа алдсан болохыг ослын газар ажиллаж буй Египетийн аврах II төвөөс мэдээлжээ. Нэг аврагч “CNN” агентлагт “Синайн хойгт онгоц осолдлоо” гэх дуудлагыг хүлээн аваад 10 минутын дараа ослын газарт 54 аврагч ирсэн. Ослын дараа дэлбэрэлт болсон. Тиймээс аврагчид ослын газар руу шууд нэвтрэх боломжгүй буюу хугацаа бага зэрэг алдсан. Гал сөнөөгчид галыг унтраасны дараа аврагчид обьект руу нэвтэрсэн. Бид амьд үлдсэн хүн байгаа хэмээн бодож, шуурхай ажилласан. Харамсалтай нь бүх зүйл оройтсон байсан” гэж ярьжээ.

 

Онгоц өнгөрсөн сарын 31-нд Москвагийн цагаар өглөөний 6.51 цагт Египетийн Шарм-эль-Шейх амралтын газраас Оросын Санкт-Петербург хот руу очихоор төлөвлөж байжээ. Албаны хүмүүс “Онгоц 7.14 цагт төв станцаас холбоо тасарч, хоёр минутын дараа радарын дэлгэцнээс алга болсон. Нислэг 23 минут 1 секунд үргэлжилсэн” гэж хэлжээ. Онгоц Египетийн Синайн хойгийн Эль Ариш хотоос 100 км-ийн цаана осолджээ.

 

Олон улсыг цочролд оруулаад буй “Airbus A321” онгоцны ослын шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байна. Египетийн аврагчид онгоцны хар хайрцаг алдагдах, гэмт этгээдүүд нэвтрэхээс сэргийлж, ослын газрыг хамгаалалтадаа авчээ. Аврагчид онгоцны хоёр хар хайрцгийг олж, Москвагийн талд хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд шинжээчид хар хайрцгийг тайлж байгаа юм. “Бүх зүйл удахгүй тодорхой болно” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Онгоц осолдсон шалтгааныг техникийн асуудал болон хэт даврагчидтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Тус онгоц осолдохоос хэдхэн минутын өмнө ахмад “Техникийн асуудал үүслээ. Яаралтай газардах хэрэгтэй байна. Ойрхон онгоцны буудал байна уу” хэмээн төв станцдаа мэдэгджээ. Ахмад ийнхүү мэдэгдснийхээ дараа онгоц төв станцаасаа холбоо тасарч, осолджээ. Онгоц осолдохоосоо өмнө 9500 метрийн өндөрт хөөрч явжээ. Энэ бол эхний таамаг.

 

Хоёр дахь таамаг бол Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл. Тус бүлэглэл өчигдөр өөрийн твиттертээ онгоц осолдож буй үеийн 22 секунд үргэлжлэх видеог байршуулж, олны анхаарлыг дахин татаж эхлэв. Хэт даврагчид видео байршуулахаас гадна өөрсдийгөө онгоцны ослыг захиалсан хэмээн мэдэгдэж, “Орос бидний эсрэг нэгдсний хариу” хэмээн мэдэгдлээ. /Орос өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн тус бүлэглэлд агаараас цохилт өгч эхэлсэн/.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Москвагийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, хэргийг шалгах тусгай комиссыг Египет улс руу илгээсэн юм. “Гэхдээ хэт даврагчид тус осолтой холбоотой гэх баримт хэтэрхий бага байна. Тэд амаараа онгоцыг осолдуулсан хэмээсэн ч үнэн хэрэгтээ ослын жинхэнэ эзэн хэн гэдгийг бидэн шиг мэдэхгүй байгаа” хэмээн Египетийн Тээврийн сайд Хоссам Камал мэдэгджээ. Сайдын мэдэгдлийг тус улсын Ерөнхий сайд Шарафи Ислай хүртэл баталж байна. Тэрбээр “Онгоц техникийн асуудлаас болж осолдсон” гэв.

 

Осолдсон онгоцны эзэмшигч “Когалыавиа” компанийн ажилтан, нэрээ нууцалсан гэрч нэгэн хэвлэлд “Өнгөрсөн долоо хоногоос л “Airbus A321” онгоц техникийн асуудалтай байсан. Ахмад энэ тухай хэд хэдэн удаа удирдлагууддаа мэдэгдэж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байсан. Онгоцыг 1997 онд үйлдвэрлэж, 2012 оны гуравдугаар сараас нислэгт ашиглаж байсан” гэж ярьжээ. Энэхүү ярианы дараа Москвагийн цагдаа нар тус компанийг шалгаж эхэлсэн байна. Онгоц техникийн асуудлаас болж осолдсон бол онгоц осолдох үеийн видео бичлэг хэрхэн хэт даврагчдын гарт орсон бэ гэх оньсого мэт асуулт гарч ирэв. Хэт даврагчид Оростой дайсагнахыг хүсч, иргэдийг нь хохироосон уу. Эсвэл жинхэнэ ослын гэрч болцгоосон уу.

 

“Оросын зорчигч тээврийн онгоц осолдлоо” хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлсний дараа тус улсын Ерөнхийлөгч В.Путин амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, өчигдөр орон даяар гашуудал зарлаж, Оросын төрийн далбааг хагас бөхийлгөсөн юм. Тэрбээр ослын жинхэнэ эзнийг олохыг Ерөнхий сайд Дмитрий Медведев болон албаны хүмүүст даалгасан байна. Путин ослын дараа “Энэ бол сүйрэл” гэж мэдэгджээ. Тус онгоцонд Оросын 213 иргэн, Украины дөрвөн иргэн, Беларусын нэг иргэн зорчиж явжээ.

 

Украины Гадаад хэргийн сайд “Оросын онгоцонд Украины дөрвөн иргэн зорчиж явсан. Амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж жиргэсэн байна. Одоогоор аврагчид ослын газраас 137 иргэний цогцсыг гаргаж авсан хэмээн Египетийн Ерөнхий сайд мэдэгджээ. Цогцосуудыг Каир хот руу зөөвөрлөж байгаа гэнэ. Амиа алдагсдын дунд 25 хүүхэд байгаа. Тэдний хамгийн бага нь 10 сартай Дарина гэх охин байжээ. Ослын шалтгаан тодорхой болох хүртэл “Emirates”, “Air France”, “Lufthansa” зэрэг авиа компаниуд Синайн хойгийн бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Оросын Тээврийн сайд Максим Соколов “РИА Новости” агентлагт “Бидний таамаглал бол онгоцыг террористууд пуужингаар харваж, унагасан байх магадлалтай. Бид шалгаж байна” гэсэн бол Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн твиттер хуудсаараа дамжуулан хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Египетийн Ерөнхийлөгч Абдулл Фаттах аль Сиси “Ослын жинхэнэ шалтгааныг тодруулахад Оросын шинжээчдэд боломж олгож, туслалцаа үзүүлэх болно. Мөн амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэжээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, гүн эмгэнэл илэрхийлсэн хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд:
Америкууд захиалаад алан хядагчид онгоцыг унагасан гээд адилхан гөрдөөд суучих.хөгийн америкууд украйнтай нийлж Малайзын онгоцыг сөнөөчихөөд Оросуудыг гүтгээд байдагтай нь адилхан өөрсдийг нь гүтгээд үз.
2015-11-02