Онгоцны хар хайрцаг гэмтжээ

Египетийн Синай хойгт осолдсон Оросын “Airbus A321” онгоцны хар хайрцаг гэмтэж, мэдээллийг тайлахад бага зэргийн хүндрэл учирч буйг ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов мэдэгджээ. Тэрбээр “TASS” агентлагт “Хар хайрцагнууд ослоос үүдэж, гэмтсэн байна. Шинжээчид мэдээллийг тайлахаар ажиллаж байна. Гэхдээ мэдээллийг тайлахад хамгийн багадаа долоо хоног шаардлагатай” гэж хэлжээ.
Хэргийг зангилааг тайлах хар хайрцагнууд Москвад хараахан ирээгүй байгаа гэнэ. Хар хайрцаг байршиж буй газрыг Египетийн тусгайгийнхан хамгаалалтад авчээ.
“Осолтой хэт даврагчид холбоотой юу” хэмээх сэтгүүлчийн асуултад Соколов “Бид шалгаж байна. Ослын газарт Оросын шинжээчид очсон. Тун удахгүй осол техникийн асуудлаас болсон уу эсвэл хэт даврагчдаас болсон уу гэдгийг тогтоох болно. Бид хүлээж байна” хэмээн хариулсан байна.
Ерөнхийлөгч В.Путин ослын газар яаралтай мөрдөн байцаалт явуулахыг Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Тээврийн яамны удирдлагуудад даалгаад байгаа юм. Оросын шинжээчдийг ослын газар чөлөөтэй нэвтрүүлэхийг Египетийн Ерөнхийлөгч Сиси зөвшөөрч, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр өчигдөр Оросын удирдлагуудтай утсаар ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ