Парламентын гишүүний аминд хүрчээ

img

Сомалийн нийслэл Могадишу хотноо байрлах тансаг зэрэглэлийн “Сахафи” гэх зочид буудалд өчигдөр 10.00 цагийн орчимд, амиа золиослогч халдлага үйлдсэн билээ. Халдлагын үеэр 15 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдагсдын дунд тус улсын парламентын гишүүн болон армийн генерал байгаа гэнэ.

 

Тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашинтай алан хядагчид буудлын хашаа руу нэвтэрч, халдлага үйлджээ. Халдлагыг тус улсын хэт даврагч “Аль Шабааб” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн байна.

 

Халдлагаар амиа алдсан өндөр албан тушаалтнууд тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн хэмээн “Аль Шабааб” бүлэглэлийн тэргүүн мэдэгджээ. Засгийн газар өнгөрсөн сараар “Аль Шабааб” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор 100 гаруй алан хядагчийг устгасан аж.

 

Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард хөрш Кени улсад нэвтэрч, их сургууль барьцаалан 150 оюутны аминд хүрсэн юм. Гэрчүүд хэт даврагчид оюутнуудаас коран судрын талаар асууж, мэдэхгүй бол шууд буудаж байсан” гэж ярьцгаажээ.

 

“Сахафи” буудалд тус улсын өндөр албан тушаалтнууд цугларч, уулзалт зохион байгуулдаг аж. Өнгөрсөн оноос тус буудлыг армийнхан хамгаалалтадаа авчээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ