Автозам барих ажлуудыг санхүүжүүлнэ

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:

 

-Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын тухай шийдвэр гарсан байна. Анх 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Монгол Улсад айлчлах үеэр хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларын хэмжээнд үзүүлж болох тухай ярьсан. Ингээд хоёр улсын Засгийн газар удаа дараагийн техникийн ажлын уулзалт хийж, холбогдох яамдын түвшинд ярилцсаны дүнд 2011 оны 7 сард зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан.

 

Зээлээр санхүүжүүлэх ажлын жагсаалтыг энэ онд гаргасан. Зам тээврийн салбараас гэхэд гурван ажлын жагсаалт багтсан.

 

Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны дагуу баригдах хурдны авто замыг барих ажлууд энэ онд багтсан. Эдгээр замууд нь стратегийн ач холбогдолтой. Монгол Улсын 21 аймгийг хатуу хучилттай замаар холбоход таван аймаг үлдээд байгаа. Баянхонгорын төвөөд Байдрагийн чиглэлийн автозам Гов-Алтай, Ховд, Баян-Өлгийг холбоход чухал үүрэгтэй. 2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг хурдны замаар холбох нь шаардлагатай. Батлагдсан төсөвт багтааж санхүүжүүлэх ажлыг Сангийн сайд Б.Болорт даалгасан бол гүйцэтгэгч компаниудыг сонгож гэрээ байгуулж ажиллахыг Зам тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгосон байна.

 

БНХАУ-ын талаас санал болгосноор уг зээлийн хөрөнгөөр хийх ажлыг Хятадын компаниудаар хийлгэе гэсэн санал тавьжээ. Энэ саналын дагуу Зам тээврийн яам Хятадын талаас санал болгосон компаниудаас сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулах үүрэг хүлээж байна.

 

Зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй байх юм. Эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх учираас эдийн засгийн ач холбогдолтой зээл гэж Засгийн газар үзэж байгаа.

 

Засгийн газрын тогтоолд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын зам дагуух хурдны зам, Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 114 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто замын ажилд зөвлөх компанийг сонгон шалгаруулж ажиллахыг ЗТ-ийн сайдад үүрэг болгосон гэлээ.

 

Монголоор дамжсан эдийн засгийн коридор байгуулна

 

Засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан Монгол Хятадын экспо үзэсгэлэн худалдааны үр дүнг танилцуулсан байна. 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга айлчилсан. Энэ үеэр хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан экспо зохион байгуулах нь зүйтэй гэдгийг дурджээ. Энэ дагуу экспо арга хэмжээ амжилттай болсон байна.

 

Экспо арга хэмжээнд манай олон байгууллага, бизнесийн төлөөллүүд оролцсон байна. Монголын талаас 400 гаруй, Хятадын талаас 6500 аж ахуйн нэгж оролцжээ.

 

Арга хэмжээний  үеэр уул уурхай, эрчим хүч, аж ахуй болон бусад салбартай холбоотой 100 гаруй хэлэлцээрт гарын үсэг зурсан нь эдийн засгийн эргэлтэнд чухал ач холбогдол үзүүлнэ гэж Аж үйлдвэрийн сайд үзэж байгаа аж. Мөн БНХАУ-ын худалдааны дэд сайдтай уулзаж хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны талаар санал солилцсон байна.

 

БНХАУ-ын зүгээс дэвшүүлж байгаа “Шинэ торгон”-ы зам төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Ази, Европыг холбосон энэ том төсөлд хоёр орон хамтран оролцож, хүмүүнлэгийн болон худалдаа эдийн засгийн чиглэлд хамтран ажиллаж, Монголоор дамжсан эдийн засгийн коридор байгуулах, “Талын зам” төслийг хэрэгжүүлэх явцад талууд ямар үүрэгтэй оролцох талаар санал солилцсон байна. Уг төслийн хүрээнд Аж үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яамтай хамтарч ажиллах санамж бичигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 10-ны үеэр БНХАУ-д хийх төрийн айлчлал хийх үеэрээ гарын үсэг зурах аж.

 

Хил орчмын худалдаа, бараа бүтээгдэхүүн гаргах, харилцаа, хамтран ажиллах тал дээр чухал алхам хийсэн арга хэмжээ болсныг салбарын сайд онцолжээ.

 

Хоёр орны худалдааны экспог хоёр жил тутамд зохион байгуулж байхаар болжээ. Энэ танилцуулгын дүнгээс харахад дэлхийд өөрийн орны брэнд бүтээгдэхүүнээ гаргах гэхээс илүү, өмнөд хөрш рүү гаргах маш том бололцоо байна гэж үзжээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ