АНУ дахь монгол сургуульд ном хандивлажээ

Монгол Улсын иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчих болсон цагаас хойш өнөөг хүртэл манай 100 мянга гаруй иргэд, сургуулийн насны хүүхдүүд эцэг эхийн хамт гадаадын улс орнуудад байнга оршин сууж, амьдарч байна.
Сүүлийн жилүүдэд хилийн чанадад буй монгол хүүхдүүдэд хэл, түүх, соёл, өв уламжлалыг зааж сургах Монгол гэр сургуулиуд олноор нээгдэж байгаагийн хэрээр эдгээр сургуулиудад хүүхдийн номын сан шинээр байгуулах, хуучин номын сангийн номуудыг шинэчлэх, баяжуулах шаардлага зайлшгүй гарч байна.
Тус яамнаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах уриалгыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн компани, номын дэлгүүрүүдэд хүргүүлсэн бөгөөд эхний дэмжигч байгууллага болох “Мирном паблишинг” ХХК-ийн хамт олон Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын номын санд зориулан дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг уран зохиолын нийт 275 ширхэг ном бэлэглэв.
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгч Н.Алтанхүүг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ