Кадыров юуг ч хийж чадна

Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров холливуудын уран бүтээлчдээс дутахааргүй чадварлаг жүжиглэдэг гэдгээ харуулсан байна. Тэрбээр өчигдөр өөрийн инстаграмдаа 40 секунд үргэлжлэх видео бичлэгээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бичлэгт Кадыров супер тагнуулч Жеймс Бонд шиг буугаар буудаж, усан сэлж, гар тулаан хийж, машинтай уралдаж буйгаар гарчээ. Инстаграмд түүнийг 1.3 сая хэрэглэгч дагадаг юм. Тэрбээр бичлэгийнхээ төгсгөлд “Би юуг ч хийж чадна” гэж бичсэн байна.
Ерөнхийлөгч Кадыров олны анхааралд байх дуртай бөгөөд үргэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй барьцдаг хэмээн олон нийт үздэг. Тэрбээр өнгөрсөн сард нүцгэн гараараа матар барьж буй бичлэгээ байршуулсан юм.
Энэхүү бичлэгээс өмнө Путин хар тэнгисээр аялах үедээ далайн ёроолд шумбасан билээ. Путин төрсөн өдрөөрөө хоккей тоглосон бол Кадыров ийнхүү Жеймс Бондын дүрд хувирч, өөрийгөө илүү гэдгээ дахин батлахыг оролджээ. Тэд адилхан сонирхолтой бөгөөд Кадыров өмнө нь “Путинээс суралцах зүйл олон байна” гэж мэдэгдэж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ