Трудо тангарагаа өргөлөө

img

Канад улсад өнгөрсөн сарын 20-нд парламентын сонгууль явагдсан билээ. Тус сонгуульд Ерөнхий сайд Стивен Харперийн эрх баригч Консерватив нам ялагдал хүлээсэн юм. Либерал нам сонгуульд ялалт байгуулснаар тус намын дарга  Жастин Трудо дараагийн Ерөнхий сайдаар тодорсон билээ. Либерал нам 338 суудлаас 184 суудлыг авч, 2020 он хүртэл засгийн эрх барихаар боллоо.

 

Трудо ялалт байгуулсныхаа дараа хэт даврагчдын эсрэг нэгдсэн холбоотон орнуудаас гарч буйгаа зарлаж, Сирид цохилт өгөхгүй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Трудо өчигдөр албан ёсоор тангарагаа өргөж, ажлаа хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Трудогийн аав Пьер Трудо 1968-1984 оны хооронд тус улсын Ерөнхий сайдаар ажилласан юм байна.

 

Шинэхэн Ерөнхий сайд улс төрд орохоосоо өмнө бага сургуулийн математикийн багш, шөнийн клубын хамгаалагч, фитнесийн багш, дуудлагын жолооч гэх мэт ажил эрхэлж байсан гэнэ. Тэрбээр мөн тулааны урлагаар хичээллэдэг, 2012 онд боксын сонирхогчдын тэмцээнд оролцож байжээ. Түүний гэргийг Сопие Грежори гэдэг бөгөөд хос гурван хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ