Саарал ордынхон хаачив

Г.Шийлэгдамба, Б.Батзаяа нарын баривчилгаа улс төрийн нам, фракциудыг ажиллагаанд оруулжээ. Хаа нэгтээ хэсэг бүлгээрээ хуралдаж, асуудлыг зохицуулах, хор найруулах зэргээр их л завгүй яваа бололтой, манай улстөрчид. Өчигдрөөс хойш Төрийн ордон нам гүм. Товлогдсон хурал цуглаанууд ч цуцлагдаж, хойш тавигдав.
Өчигдөр гэхэд хуваарийн дагуу хуралдах байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Шалтгаан нь тодорхойгүй. Хуралдааны танхимд цагтаа ирж, гишүүдээ хүлээж, дуудаж суудаг спикер ч алга. Ингэж дарга, цэрэггүй ор сураггүй болсноор ирэх оны төсвийн төсөл нэг өдрөөр хойш тавигдав. Хуулиар бол 2016 оны төсөв энэ сарын 15 гэхэд батлагдсан байх ёстой. Тэгэхээр эрхэм гишүүдэд ирэх оны төсвийг хэлэлцэх ганцхан долоо хоногийн хугацаа үлдсэн гэсэн үг.
Нэмэр дээр нэрмээс болгож, Төсвийн байнгын хороо ч хуралдсангүй. Уг нь тус байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж, 2016 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан юм. Гэвч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар мөн л хойшиллоо. Хуралдаан эхлэх цагт тус байнгын хорооны дарга Ч.Улаан, Зам тээврийн сайд М.Зоригт хоёр л танхимд сууж харагдсан.
Өнөөгийн хувьд УИХ-ынхны хийх хамгийн чухал ажил бол улсын төсвийг хэлэлцэж батлах. Гэвч гишүүд байнгын хорооны хуралдаан, нэгдсэн чуулганд ч суухгүй, үл тоомсорлож буй бололтой. Одоогийн энэ байдлаар бол УИХ 2016 оны төсвийг ирэх долоо хоногт халтуурдаад өнгөрөх нь. Угаас тэдэнд төсвийг нухацтай хэлэлцэх хугацаа ч үлдээгүй.
Гишүүд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг баалдаг. Оруулж ирж байгаа төсвийн царайг нь хар л гэнэ. Төсөв хэлэлцэхэд бүгдээрээ байхгүй, та нарт хэрэггүй юу гэж ирээд л хариуцлага нэхдэг. Үнэндээ эхлээд өөрсдийнхөө царайг харах хэрэгтэй байна. УИХ-ын чуулганы хуралдаан цагтаа эхэлж байсан түүх байхгүй. Гишүүдийн ирц хүрэхгүй хүлээж, хүлээгдэж, арай ядан цуглана. Хэлэлцэх асуудал дээр биенээ шантаажилж, хэдэн хоногоор завсарлага авч гацаана. Шийдвэр гаргах дээд байгууллага нь ийм царайтай байж, бусдын муу муухай царайг гайхах шаардлагагүй.
Нийгэм, эдийн засгийн хүнд байдалд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газар л буруутай мэтээр ярих нь өрөөсгөл. УИХ ч энэ доройтолд том үүрэг гүйцэтгэсэн. Асуудлыг сунжруулж, цаг алдсан тохиолдлыг тоолоод баршгүй. Тэгэхээр УИХ бусдын улцанг гайхаж байхын хооронд өөрийн муухайг эхлээд харах хэрэгтэй.
Наанадаж л хуралдаа “зовлонгүй” сууж, хуулиа баталж, улсын ажлыг хойш татахгүй байвал талархахсан, эрхэм түшээдэд.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ