Согтуугаар машин жолоодох зөрчил нэмэгджээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Уг хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт өндөр хариуцлага оногдуулах тухай зааж, хууль хэрэгжсэн эхний нэг сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо 2-5 дахин багассан. Гэтэл сүүлийн өдрүүдэд замын цагдаагийн алба хаагчдын журамласан согтуу жолоочийн тоо хууль хэрэгжихээс өмнө үеийнхтэй адилхан болж байна.
Жолооч нар хууль, дүрмээ умартаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь нэмэгджээ. Өнгөрөгч шөнө замын цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн хоёр жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, явган зорчигчдыг гэмтээсэн байна.
Сонгинохайран дүүргийн нутаг дэвсгэр Троллейбусны депогийн баруун замд "Toyota Prius" маркийн автомашины жолооч Б нь согтуурлын зэрэг тодорхойлох төхөөрөмж рүү үлээх чадваргүй болтлоо согтсон атлаа тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч, тус дүүргийн 1-р хороонд оршин суух Г /38н.эр/-г мөргөж гэмтээжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн уулзварт "Toyota Corolla" автомашины жолооч С нь согтуурсан үедээ машин жолоодож, Ш жолоочтой "Nissan Xtrail" автомашинтай мөргөлдөж, зорчигч Г /53н.эм/-г гэмтээсэн хэрэг гарчээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Хуулийн дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид 384 мянган төгрөгийн торгууль ногдуулж, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах арга хэмжээ авдаг. Гэвч жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ