“Мэргэжлийн алуурчид” хүчний байгууллагаас л төрдөг
Сүүлийн үед хүний санаанд оромгүй яргаллыг цэрэг, цагдаа хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүс үйлддэг болжээ. Худлаа гэх хүн олон байгаасай. Би ч тэгж хүсч байна. Гэвч бодит үнэнийг үгүйсгэх эрх бидэнд алга. Цагдаагийн тусгай тасгийн гурван албан хаагч ЗХ-ний 150 дугаар ангийн офицерийн аминд хүрсэн тухай мэдээллийг анх сонссоны дараа дээрх дүгнэлтийг хийсэн хэрэг. Үнэндээ эл хэрэг явдал сонсогдохоос хэдхэн сарын өмнө мөн л цагдаагийн ажилтнууд зугаалж яваад нэгнийхээ аминд хүрсэн байдаг.
Олон жилийн өмнө ч цагдаагийн албан хаагчидтай холбоотой хэрэг гарч л байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтсийн офицер албан тушаал эрх мэдлээ ашиглан банк руу нэвтэрч, харуулын цагдаагийн амийг санаатайгаар егүүтгэн банк дээрэмдсэн гэх хэрэг гарч нийгмийг цочролд оруулж байв. Тэгвэл өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн ажилтан даргынхаа тушаалаар урсгал сөрөн давхиж яваад ЕБС-ийн сурагч 12 настай охиныг дайрч амь насыг хөнөөсөн гэх мэтчилэн цагдаагийн ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийг жагсаавал багагүй тоо гарч мэдэхээр байна. Дээр нь нэмээд эдний араас хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд байсхийгээд гарах хүний амь настай холбоотой гэмт хэргүүдийг онцлох ёстой. Ер нь бол эр хүн цэргийн алба хаагаад ирэхээрээ төлөвшиж, хүмүүжээд жинхэнэ утгаараа эр хүн болдог гэж ард түмэн ярьдаг даа. Ялангуяа, гурван жилийн алба хаагаад ирсэн эрчүүд тэвхийгээд цаанаа өөр болсон байдаг гэх нь бий. Тэр үеийн цэргийг өнөө цагийн багачуудтай харьцуулах юм биш. Тэгсэн мөртөө тэд муу зүйлийг өөрийн болгож буй байдал нь зэвүү хүрмээр. Өстөнийг өстөн нь төрүүлдгийн бодит жишээ хилийн цэргээс харж, мэдэж болно. Шинэ цэргийн дэг, яргаллыг давж гарах сэтгэлийн тэнхээгүй, айлын ганц хоёр хүүхэд голдуу залуучууд цэрэгт ирээд хөл гараа нийлүүлж сурахаас илүүтэй дарга нартаа өширч, тэдний шинэ цэргүүдэд гаргадаг бусармаг, зан байдлыг сайхан зүйл мэтээр тусгаж авдаг бололтой юм. Хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд үйлдэгдсэн гэмт хэргүүд үүний тод илрэл юм.
Дорноговь аймгийн Сайншанд дахь Хилийн цэргийн дугаар ангийн хилчин жагсаалын дарга нараа зодож дарамталлаа гээд буудаж хөнөөсөн байдаг. Харамсалтай нь олон хүний аминд хүрсэн тэр хилчин эдүгээ гянданд бүх насаараа хоригдох ял эдэлж буй. Үүний араас том жижиг олон гэмт хэрэг гарсан авч олны сонорт хүрсэн нь Увс аймгийн Баруунтуруун дахь ХЦ-ийн 0133 дугаар ангид үйлдэгдэж буй орчин цагийн дэг, яргалал. Тус ангид алба хаасан цэргүүд дэг, яргаллын золиос болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байдаг юм. Эл байдлыг холбогдох албаныхан эргэж харж дүгнэлт хийх л ёстой санагдана. Түүгээр зогсохгүй Хөвсгөл аймагт үйлдэгдсэн аймшигт хэргийн холбогдогч нь тус ангид алба хаасан хилчин байдаг. Улаан-Уул сумын харьяат тэрбээр цэргээс халагдаж ирснийхээ дараа хувийн өс хонзонгоор гэр бүлийн/ 17-31 насны / гурван хүний амийг буудан хөнөөсөн. ХЦ-ийн 0133 дугаар ангийн жагсаалын дарга нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат хилчнийг дарамтлаж байгаад зүү залгиулсан, шинэ цэргүүдийг зодож, дарамтлах, яргалах байдал энэ ангид хэрээс хэтэрсэн гэж хэлж болно. Ингээд бодохоор, дарамт дарамтлагчийг л төрүүлдэг ажээ.
Х.Норжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ