Путин тамирчдаа шалгахыг тушаажээ

img

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг энэ долоо хоногийн эхээр Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэж тэмцээнд оролцдог байсан хэмээн мэдээлж, 2016 оны Рео де Женейрогийн олимпиод оролцох эрхийг нь хасахыг шаардсан юм. Оросын тамирчид сэргээш хэрэглэдэг гэх асуудлыг тус улсын Засгийн газар, Спортын сайд, Сэргээшийн эсрэг Москвагийн агентлаг, Олимпийн хорооны удирдлагууд мэдсээр байж, олон улсаас нуусан гэх баримт бүхий 323 хуудас тайлангаа танилцуулсан билээ.

 

Ерөнхийлөгч В.Путин тамирчдын сэргээш хэрэглэсэн гэх асуудлыг шалгахыг албаны хүмүүсээсээ хүсч, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийг үндэслэлгүй, худлаа мэдээлэл тарааж тамирчдын амжилтад саад учруулсан бол хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав.  

 

Путин “Сэргээшийн асуудал миний сэтгэлийг түгшээлээ. 2016 оны олимпид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцохын тулд энэ асуудалд анхаарлаа хандуулах нь зүй ёсны хэрэг. Би тамирчид болон дасгалжуулагчдад итгэж байна. Тэд миний итгэлийг хэзээ ч алдаж байгаагүй” гэж хэлжээ.

 

ОХУ-ын Спортын сайд энэ асуудалд анхаарлаа хандуулан, Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ