Монголын хамгийн том “Соёмбо” хөшөөт цогцолборын шавыг тавив

“Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Соёмбо” хөшөөт цогцолборыг бүтээн байгуулах гэж байна. “Соёмбо” хөшөөт цогцолборын шав тавих ёслол өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу өчигдөр Мөрөн хотын төв талбайд болсон юм.
Шав тавих ёслолд “Хөвсгөл хөгжил сан”-ийн тэргүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн удирдлагууд болон Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүд оролцлоо. Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн лам болон Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийдийн лам нар ном айлдан хуран цугласан иргэд, сүсэгтэн олноо баясгалаа.
Энэ үеэр “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Л.Мөнхбаатар “Соёмбо сүлд бол эртнээс нааш төрийн далбаанд залран Монгол улс үүрд мандан бадрахын билэгдэл болж, түмэн олон ч хүндэтгэн төрийнхөө сүлдэнд залбирсаар ирсэн. Тиймээс “Хөвсгөл хөгжил сан”-гаас соёмбо сүлддээ зориулан босгох эл хөшөөт цогцолбор нь Хөвсгөлчүүдийн хийморийг сэргээж, ард олны урам зоригийг улам бадраан, соёмбын гүн утга агуулгыг хүүхэд залууст таниулах, үргэлжид сануулах зорилготой. Мөн цогцолбор бий болсоноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх газрыг нэмэгдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах өндөр ач холбогдолтой” гэв.
Монголын хамгийн том “Соёмбо” хөшөөт цогцолбор ирэх оны долдугаар сарын 10-нд ашиглалтад орох ажээ. Тус цогцолборын санхүүжилтийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон иргэдийн хандив тусламж, дэмжлэгт тулгуурлан барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
Б.Батзаяа
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ