Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан нар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад ирэх зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд мэргэшүүлэх, шинээр ажлын байр бий болгох ажлыг хоёр тал хамтарч хийхээр болж байгаа юм. Мөн АСЕМ-ийн зочдод зориулан гаргах бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах цэгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулахад анхаарах тухай заалт оруулжээ.
Гарын үсэг зурсны дараа АСЕМ-ийн Байр, зочид буудал хариуцсан хэсгийн ахлагч П.Цагаан хэлэхдээ “АСЕМ бол нэг талаасаа том хариуцлага, нөгөө талаасаа том нэр төрийн хэрэг юм. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтаас өмнө 2016 оны долоодугаар сарын дунд үе хүртэл олон улсын 7-8 том арга хэмжээ болно. АСЕМ-ийн бэлтгэлийг хангахын зэрэгцээ Монголд аялал жуулчлал хөгжүүлэхэд зочид буудал чухал ач холбогдолтой.
Зочид буудлуудын мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэхийн тулд зочид буудлуудын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, мэргэжлийн 2800 хүн, үүн дээр нэмж ажил мэргэжилгүй тодорхой тооны хүмүүсийг хамруулан үйлчилгээний соёлд сургах хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санал тавьсныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ