Цас орсон тохиолдолд цаг харгалзахгүй ажиллахаар болжээ

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ажилчид “Цас цэвэрлэгээний шинэ менежмент”-ийг хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулж хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хуралд тус нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан, зүүн салбарын дарга Б.Ганзориг, зам цэвэрлэгээ үйлчилгээний ахлах инженер Т.Өмирбек нар оролцов.
“Урьд нь цас орсны маргааш нь цэвэрлэх тохиолдол байсан. Харин цэвэрлэгээний шинэ менежментийг хэрэгжүүлж эхэлснээр, цас орсон даруйд манай ажилчид амралтын өдөр, өдөр шөнө хамаарахгүй явган замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана. Мөн давс, бодис цацдаг 13 машины үйлчилгээ зэрэг явагдана” хэмээн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хэллээ.
УБ нэгтгэлийн ажилчид ажлын 8 цагаар ажилладаг. Харин цэвэрлэгээний шинэ менежментийн дагуу 24 цагийн турш зам цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Цас орсон даруйд, цаг харгалзахгүй цэвэрлэгээ явуулна гэдгийг ажилчид хэлж байв. Түүнчлэн баруун, зүүн салбарын байрандаа замын хальтиргааг ариглах бодис болох давсны нөөцийг бүрдүүлж, иргэд, аж ахуй нэгжид кг-ыг нь 400 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Ингэснээр орчин тойрныхоо хальтиргаа гулгааг арилгах нөхцлийг аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрдүүлж өгч байгаа аж.
“Иргэд Улаанбаатар хотын бүх гудамж талбайг манай нэгтгэл хариуцдаг гэж буруу ойлгоод байна. Нийслэлийн 315 км замыг бид хариуцаж ажилладаг. Дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компани, орон сууцны СӨХ-үүд орчин тойрныхоо замын цэвэрлэгээг хариуцдаг. Мөн аж ахуй нэгж байгууллагууд 50 метр газраа цэвэрлэх үүрэгтэй” гэдгийг Улаанбаатар нэгтгэлийн ажилчид хэвлэлийн хурлын үеэр иргэдэд сануулж хэлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ