Парис: Халдлагыг Сирийн иргэн зохион байгуулжээ

Францын нийслэл Парис хотноо энэ сарын 13-ны 22.00 цагийн орчимд террорист этгээдүүд долоон газар зэрэг халдлага үйлдсэн билээ. Халдлагаар 153 хүн амиа алдаж, 400 гаруй шархтаж, эмнэлгийн тусламж авчээ. Тэгвэл дээрх террорист халдлагыг зохион байгуулсан этгээдийг Сербийн “Блик” сонин нийтэд танилцуулсан тухай “www.dpa-international.com” мэдээллээ.
Парисын халдлагыг зохион байгуулагчийг тус сонин Сирийн иргэн Ахмед Алмохаммед гэгч хэмээн мэдэгдсэн байна. Гэмт этгээд 25 настай гэнэ. Сонины эхний нүүрэнд гэмт хэрэгтний паспортын хэсгийг нийтэлж “Энэ бол Парисын халдлагын зохион байгуулагч” гэж бичжээ. Тус сонины нийтлэлээс иш татан Францын тусгайгийнхан шалгаж эхэлсэн талаар Парисын Цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Гэмт этгээд өнгөрсөн есдүгээр сард Сири улсаас цагаачлан Серби улсад иржээ. Тэрбээр Сербийн Миратовац мужид хэсэг хугацаанд байршиж, өнгөрсөн сарын 17-нд Парис хотноо ирсэн болохыг тогтоосон аж. Хилийнхэн түүнээс зэвсэг болон хориотой бараа олоогүй учир, хил нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Түүний хамсаатныг Франц иргэн байсан байх магадлалтай хэмээн тагнуулын байгууллагаас мэдээлэв.
Парисын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгджээ. Гэхдээ Францын удирдлагууд дээрх мэдээллийг батлаагүй байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ