МАН улстөрийн зориг гаргаад vндсэн хуульд өөрчлөлт оруулах л ёстой

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2016 оны улсын төсвийн гурав дахь хэлэлцvvлгийг хийж, улмаар хуулийн хугацаандаа амжин улсын төсвийг баталсан билээ. Хэдийгээр Сангийн яамнаас 2016 оны төсвийг алдагдалгvй болгох төсөл оруулж ирсэн ч УИХ дээр олон дахин задарч жилийн жилд давтагдсаар байгаа нэг их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдав. Ялангуяа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хамаарагддаг боловсрол, эрvvл мэнд, цагдаа, онцгой байдлаас бусад газрын цалингийн санг 10 хувиар бууруулах төсөл орж ирсэн нь багагvй маргаан дэгдээсэн. Хууль тогтоогчид багагvй маргаж, мэтгэлцсээр Эрvvл мэнд спортын сайд 691.1 тэрбум, Хvн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум төгрөг зарцуулах төсөв батлагдахаас арай өмнөхөн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга Д.Батцогттой уулзаж ярилцсанаа хvргэж байна.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны улсын төсвийг батлахаар гурав дахь хэлэлцvvлэг явж байна. Хуулийн хугацаандаа баталж амжих болов уу?
-Хуулийн хугацаандаа буюу энэ сарын 15-ны дотор төсвөө батлах vvрэг хvлээсэн УИХ-ын гишvvд тал талаас нь нухацтай судлаж, хэлэлцvvлэг өрнөөд явж байна. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах vндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хvрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хvний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдvvлсэн хуулийн төслvvд, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хvний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслvvдийг хэлэлцэн батлах хариуцлагатай цаг ирээд байна. Гишvvдийн идэвх санаачлага, оролцоо сайн байгаа тул хугацаандаа батлагдах байх аа.
-Энэ парламентын гол ажлын нэг гэж хэлж болох Vндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал ид яригдаж байна. Vндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсантай холбогдон нийгэмд багагvй маргаан, мэтгэлцээн vvсээд байгаа. Таны хувьд Vндсэн хуулийг өөрчлөх талд байна уу, эсвэл?
-Мэдээж Vндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа гишvvдийн нэг нь би. Ер нь Vндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал бол энэ УИХ-ын хvрээнд яриад л өнөөдөр өргөн барьчихаад байгаа асуудал биш шvv дээ. Дордуулсан долоон өөрчлөлт гэдгээс хойш хэдэн ч жил ярив даа. Энэ УИХ-ын хувьд анхны ажлын хэсэг 2013 онд байгуулагдсан ч дараа нь өөрчлөгдөж өнөөдрийн ажлын хэсэг байгуулагдсан юм. Учир нь 1992 оны Vндсэн хуулийг батлалцаж байсан УИХ-д суудалтай намуудын гишvvдээс бvрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, нэлээн даацтай судалгаа хийж, олон ч хэлэлцvvлэг явуулан тал талаас нь сайтар нягталсны vндсэн дээр Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө УИХ-ын даргад өргөн бариад байна. УИХ-ын бvх л гишvvний адил миний бие ч тойрогтоо очиж ажиллах бvртээ Vндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай, ямар ямар өөрчлөлт оруулвал зохих талаар ард иргэдийнхээ санал бодлыг ч багагvй сонсож, тvvнийгээ ч ажлын хэсгийн гишvvдэд дуулгаж байсан. Нэлээн сайн судлаж, ард иргэдийнхээ санаа бодлыг ч боломжийн хэмжээнд тусгасан болохоор Vндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж vзэж байна.
-Сонгуулиас зургаан сарын өмнө буюу 2015 онд багтаж Vндсэн хуульд өөрчлөлт оруулж амжих уу. Ялангуяа УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд Vндсэн хуульд яарч сандран өөрчлөлт оруулахыг эсэргvvцнэ гэж байгаа өнөөдрийн нөхцөлд хэл амаа ололцох боломжтой юу?
-Уг нь Vндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон гэж хамгийн их шахаж, шаардаж байсан хvмvvс бол УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд шvv дээ. Одоо болохоор “Энэ удаагийн УИХ Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгvй, хуулийн хугацаанд амжихгvй” гэсэн юм яриад байгаа. Хэрвээ Монголын улстөрийг гацаанд оруулж, засаглалын хямрал руу тvлхэж байгаа өнөөдрийн гажуудлыг засъя, Vндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л өнөөдрийн хvндрэлээс гарна гэж vнэхээр л хvсч байвал хуулийнхаа хугацаанд амжих цаг бололцоо бvрэн байгаа юм. Монголчууд хэзээнээсээ “Хийе гэсэн хvнд арга олдоно, хийгvй гэсэн хvнд шалтаг олдоно” гэж ярьдаг шvv дээ. Vндсэн хууль бол Монголын ард тvмний эв нэгдлийн илэрхийлэл болсон хамгийн гол хууль юм. Тухайлбал АН-ын юмуу, МАН-ын, бусад намын Vндсэн хууль гэж байхгvй л дээ. Тэгэхээр энэ асуудалд тал талаасаа хvсэл зорилгоо нэгтгэж, бодол санаагаа уралдуулж байгаад өөрчлөлт оруулахад хvндрэл vvсээд байх зvйлгvй л гэж бодож байна. Бид ярилцаад энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдье гэсэн ч зөвхөн төсөв хэлэлцсээр байгаад таарлаа. Мэдээж ирэх долоо хоногт энэ асуудлыг эцэслэн шийдэж таарна. Ард нийтийн санал асуулгаас өмнө Vндсэн хуульд оруулах өөрчлөлтөө УИХ дээр сайтар ярилцаж тогтсон байх учиртай юм.
Хэрвээ Vндсэн хуульд оруулах өөрчлөлтvvдийг зарчмын хувьд тохиролцож, ард нийтийн санал асуулга явуулахаар болвол УИХ-ын чуулганыг тvр завсарлуулаад, гишvvд тойрог дээрээ ажиллаж сонгогчдынхоо санал бодлыг сонсож нэгтгэх ёстой болно. Харин нам намаараа хуваагдалгvй бvх тойрог дээр ард иргэд, сонгогчдынхоо санал бодлыг бvрэн сонсож, Vндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь л энэ богинохон хугацаанд амжуулах ёстой ажил юм. Харин энэ сарын 26-нд ард нийтийн санал асуулга явуулж амжихгvй болж байгаа тул дараагийн хугацааг л даруйхан товлох шаардлагатай.
-Одоогоор Монголын нийгэм УИХ-ын гишvvдийн тоо 99 болж, таван жилийн хугацаагаар сонгогддог болох юм байна, Ерөнхийлөгчийг ард нийтээс биш УИХ-аас томилдог болох юм байна, Ерөнхий сайд маш их эрх мэдэлтэй болох юм байна гэсэн л ойлголттой болоод байгаа. Ер нь өнгөрсөн 25 жилд олигтой төлөвшиж чадаагvй УИХ-ын гишvvдийн тоог 99 болгон нэмэгдvvлэх шаардлага байна уу?
-Ер нь бол УИХ болон нийт ард иргэдийн дунд яригдаж байсан, тэдгээр өөрчлөлтvvдийг хийж болох юм гэсэн сэтгэлзvй нэгэнт бvрдчихсэн байсан өөрчлөлтvvдийг л өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр УИХ-ын гишvvдийн тоог 99 болгон нэмэгдvvлнэ гэдэг нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэдэгтэй л адилхан өөрчлөлт шvv дээ. Ард нийтийн санал асуулга явуулаад, ард тvмнээ сонссоны дараа Vндсэн хуулийн өөрчлөлтийг vнэхээр дэмжихгvй гэвэл заавал өөрчлөлт оруулах шаардлагагvй. Эцсийн эцэст бид олонхийн шийдвэрийг хvндэтгэдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа л юм бол ард тvмнийхээ шийдвэрийг дагах нь зvйн хэрэг. Өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдvvлсэн Vндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд байгаа УИХ-ын гишvvдийн тоог 99 болгох, хугацааг нь таван жил болгоё гэсэн нь зvгээр л Монголын нийгэмд яригдаж байгаа асуудлыг л бид оруулсан хэрэг юм. Сvvлийн vед ямар чиг хандлага ажиглагдаж байна вэ гэвэл УИХ-д суудалтай бvх нам, эвслvvд харилцан ярилцаж, санал нэгдэж байж л Vндсэн хуульд өөрчлөлт оруулна шvv дээ. Сайтар зөвшилцөж, бvгдээрээ санал нэгдсэн заалтуудаа л өөрчилье гэж байгаа. Тэгэхээр УИХ-ын гишvvдийн тоог нэмэх шаардлагагvй гэж олонхиороо шийдвэл заавал нэмэх гэж улайраад байхгvй шvv дээ. Мөн Ерөнхийлөгчийн тухайд ч УИХ-аас сонгох нь учир дутагдалтай, ард нийтийн сонгуулиар тодруулах ёстой гэвэл хуучнаараа л явна. Харин зайлшгvй өөрчлөлт оруулах цаг нь болчихоод байгаа хэд хэдэн заалт байгаа юм. Тухайлбал Монгол Улс хот, тосгоныхоо асуудлыг яаралтай нэг тийш нь болгож шийдэх цаг болсон. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар гэдэг ганцхан хоттой болчихсон. Бусад нь бvгд сумын төв. Жишээ нь Эрдэнэт, Дархан, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гээд баахан сумын төв байна. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд аймаг доторх хот гэдэг ойлголтыг бий болгож, аймгийн төвvvдээ хот болгон хотын статусаар хөгжvvлэх нөхцөлийг бvрдvvлэх ёстой. Дархан Эрдэнэт хотуудаа Улаанбаатарын хэмжээнд аваачиж, vндэсний хэмжээний томоохон хот болгохын тулд Vндсэн хуульд зайлшгvй өөрчлөлт хийх шаардлагатай. Хөдөө орон нутагт нам намаараа хуваагдсан, хэрээс хэтэрсэн улстөржилт, намчирхалт газар авч, хот суурингаас илvvтэй сум, багт улстөрийн тэмцэл өрнөдөг болоод байгаа нь нөгөө л Vндсэн хуулийн зайлшгvй засах шаардлагтай гажуудалтай холбоотой юм. Аймаг, хотын тvвшинд бол улстөрийн намаараа асуудлаа шийдээд явж болно. Тэгэхээр хөдөө сумдыг улстөржvvлж, талцуулдаг гол гажуудал болсон сумын Засаг даргыг ард иргэдээс шууд сонгодог болохын тулд Vндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагтай байгаа юм.
-Засгийн газрын гишvvд дан дээлтэй байх ёстой хэмээн Ерөнхийлөгчөөсөө эхлэн баахан маргалдаад шийдэж чадахгvй байгаа. Уг нь энэ асуудлыг яаралтай нэг тийш болгочихмоор л байгаа юм?
-Тийм л дээ. Өнөөдөр 76-хан гишvvнтэй ийм жижиг парламентын хувьд арван хэдэн гишvvн нь Засгийн газарт яваад орчихоор яах аргагvй Засгийн газар нь УИХ-ынхаа дээр нь гарчихсан юм шиг харагдаад байгаа нь vнэн. Энэ асуудлыг төгс байдлаар нь шийдэхийн тулд дахиад л Vндсэн хуульд зоригтой өөрчлөлт оруулахаас өөр ямар ч арга байхгvй. Тvvнээс гадна өнөөдрийн засаг төрийн тогтолцоо ерөөсөө л болохгvй, алхам тутамдаа гацаанд ороод байгаа нь хэн бvхэнд тодорхой болчихсон асуудал шvv дээ. Өнгөрсөн хугацаанд бид хэдэн Засгийн газраа хугацаанаас нь өмнө огцруулав. Огцруулаад юу хожив, ямар хөгжил дэвшилд хvрэв. Өнөөдөр бидэнд vлдсэн хамгийн том сургамж бол гvйцэтгэх засаглалын тэргvvнд нэлээн сайн эрх дарх олгох, танхимынхаа сайд нарыг өөрөө сонгон бvрдvvлдэг болох зайлшгvй шаардлагатай юм байна, сайд нарынхаа гуравны хоёрыг парламентын гаднаас томилох ёстой гэх мэт өөрчлөлтvvдийг гагцхvv Vндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжvvлэх боломжтой юм. Засгийн газар бодлогоо гаргасан бол бvх талаар хvчтэй ажиллах нөхцөл боломжийг нь бvрдvvлэх л шаардлагатай. Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг өөрөө томилдог, хариуцлага алдвал өөрөө огцруулдаг, бvх хариуцлагыг өөр дээрээ авснаар дараа нь асуудал ярихад ч барьцтай болно шvv дээ. Тэгж байж л Засгийн газар жинхэнэ утгаараа танхимын зарчмаар ажиллаж, сахилга хариуцлага нь ч сайжрах болно.
Одоо бол бараг л хоёр долоо хоног болоод л Засгийн газрын аль нэг сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын хэн нэгэн гишvvн оруулаад ирж байгаа. Нөгөөх нь ч яаж сайдынхаа суудалд тэсч vлдэх вэ, хэнийг өөртөө татах вэ гэж бодохоос өөр юм толгойд нь орж ирэхгvй болохоор олигтой ажиллаж чадахгvй. Тэгээд ч иймэрхvv сайд нартай Засгийн газар яаж тогтвортой, амжилттай ажиллаж чадах вэ дээ. Гэх мэтчилэн Vндсэн хуульд зайлшгvй оруулах шаардлагатай хэд хэдэн өөрчлөлт байгаа юм.Миний харж байгаагаар Vндсэн хуульд өөрчлөлт оруулахыг Монголын ард тvмний олонх нь дэмжих нь тодорхой.
-Уг нь ард нийтийн санал асуулгатай асуулгагvй Vндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх нь энэ УИХ-д бий шvv дээ?
-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ бас нэг зовлон байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл ирэх жил УИХ-ын сонгууль болох гэж байхад Vндсэн хуульд өөрчлөлт оруулснаар манай намд ямар ашигтай, ямар хор нөлөөтэй вэ гэдэг дээр л УИХ-ын гишvvд талцаж маргалдаад байгаа нь хамгийн гол саад болж байна. Энэ ч учраас ард нийтийн санал асуулга явуулаад шийдчихье гэж байгаа юм. Товчхондоо УИХ дахь МАН-ын бvлгийн гишvvд “Сонгуулийн өмнө Vндсэн хуульд өөрчлөлт оруулбал манай нам ялагдаж болзошгvй” гэж хэтэрхий болгоомжлоод байгаагаас л жаахан хvндрэл vvсч магадгvй болоод байна. Vнэхээр л тогтолцооны гажуудлаас болоод улстөр гацаанд орж, улс орны хөгжил зогслоо гэж бодож л байгаа бол МАН улстөрийн зориг гаргаад Vндсэн хуульд өөрчлөлт оруулах л ёстой. Одоо намын явцуу эрх ашгаас илvv Монгол Улсын ирээдvй, язгуур эрх ашгийг бодох цаг болсон.
-Vндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна Сонгуулийн хуулийн гурван ч өөр төсөл УИХ дээр явж байгаа гэх юм. Тэр ямар учиртай юм бол?
-Нэг нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Р.Бурмаа гишvvний ахалсан ажлын хэсэг нэлээн удаан хугацаанд ажиллаж хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан байгаа. Дараа нь МАН-ын Су.Батболд нарын гишvvд санаачилж, парламентын гаднах улстөрийн намуудын оролцоотойгоор боловсруулсан хуулийн төсөл явж байгаа. Мөн Х.Тэмvvжин гишvvний өргөн барьсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл явж байгаа.
Тэгэхээр эдгээр гурван хуулийн төсөлд зарчмын сvйдтэй ялгаатай зvйл огт байхгvй. Vндсэндээ Сонгуулийн хуульд оруулах гол гол өөрчлөлтvvд дээр намууд санал нэгдчихсэн байгаа. Гол асуудал нь тойргоо жижиглэх vv, намын жагсаалт байх уу байхгvй юу гэдэг дээр л тойрч маргалдаад байгаа юм. Ард иргэдийн зvгээс бол намын жагсаалтыг болиул л гэж байгаа. Энэ долоо хоногийн Төрийн байгуулалттын байнгын хороогоор Сонгуулийн хуулийг хэлэлцээд УИХ албан ёсоор хvлээж авах юм. Харин дараа нь дээрх гурван хуулийн төслөөс алийг нь хэлэлцэхээ УИХ дээр шийдээд явчих боломжтой юм. Ер нь бол Сонгуулийн хуулийг батлах хугацаа хангалттай байгаа. Төсвөө баталсны дараа Vндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхvvжилтийн хууль зэрэг гол гол хуулиудаа хэлэлцээд явах цаг хангалттай гарна гэж бодож байна.
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ